Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

BX, Нара, Тимон зэрэг уран бүтээлчдээс бусад нь “All in Hit 2" тоглолтод оролцоно

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Sync, Нэгэн зүгт, Take Off, Motive хамтлагийн төлөөлөл маргааш буюу зургаадугаар сарын 7-нд SocialPay паркт болох “All in Hit 2" тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоглолтын найруулгын багт нь ажиллаж буй жүжигчин Э.Цолмонбаяр “All in Hit 2 нэртэй тоглолт нь Монголын хөгжмийн түүхэнд нэгэн онцгой үйл явдал болж байна. Энэ тоглолтын гол онцлог нь 2000-аад оны эхэн үеийн хамгийн алдартай урсгалын хөвгүүдийн хамтлаг болох Sync, Нэгэн зүгт, Take Off, Motive нар анх удаа нэгэн тайзан дээр, задгай талбайд, зуны шоунд хамтдаа тоглох гэж буй явдал юм. Энэ бол урьд өмнө нь бараг тохиож байгаагүй, маш ховор тохиолдол.

Тэд саяхан хамтарсан "All in Hit" попури цацсан бөгөөд тэр дуунаас харахад тэдний уран бүтээлүүд тухайн үеийн залуусын хайр дурлал, дурсамжийг илэрхийлж чадсан нь дахин мэдрэгдсэн. Поп дуу гэдэг нь ер нь тухайн үеийн түүхийг өгүүлдэг дурсамж болон үлддэг юм байна.

Тоглолтод эдгээр дөрвөн хамтлагийн 40 гаруй хит дуу дуулагдахаас гадна, эдгээр хамтлагуудтай хамтарч ажиллаж байсан, 2005 оноос хойш уран бүтээлээ түр завсарласан тухайн үеийн нэртэй уран бүтээлчид, зочин дуучид ч мөн тайзнаа гарна. Жишээлбэл, Солонгосоос A Cool эх орондоо ирж, тоглолтод оролцохоор болсон. Ер нь BX, Нара, Тимон зэрэг уран бүтээлчдээс бусад нь цуглаж байна.

Тоглолтын зохион байгуулалт маш өндөр түвшинд явагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, дуугаралт, бүжгийн найруулга бүхий шоу болохоор бэлтгэж байна. 200 гаруй хүний баг ажиллаж байгаа нь үүнийг илтгэнэ.

Өнгөрсөн жилийн "All in Hit" тоглолт маш амжилттай болсон, үзэгчид дүүрэн байсан. Тиймээс энэ жилийн тоглолт ч мөн адил дурсамж сэргээсэн, олон хүнийг баярлуулах үйл явдал болох нь тодорхой. Ирээдүйд дахин тоглолт хийх эсэхийг үзэгчдийн хандлагаас шалтгаалж шийднэ” гэсэн бөгөөд үргэлжлүүлэн дөрвөн хамтлагийн гишүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тake off хамтлагийн гишүүн Э.Сүхжаргал “Sync, Нэгэн зүгт, Take Off, Motive гэх дөрвөн хамтлаг сүүлийн өдрүүдэд бараг нэг хамтлаг шиг нэгдэн, тоглолтын бэлтгэлийг амьдралынхаа нэгэн сайхан мөч мэт өнгөрүүлж байна.

Бид саяхан цацсан попури дуунаас гадна шинэ уран бүтээл хийсэн бөгөөд тэр дуугаа маргааш тайзан дээр сюрприз болгон анх удаа толилуулах гэж байна.

Мөн энэхүү тоглолтод зориулж өмнөх хит дуунуудынхаа хөгжмийн найруулгыг шинэчилж, шинэ амьд хувилбаруудаар хүргэхэд онцгой анхаарсан. Үүнээс гадна тоглолтын дараагаас эхлэн шинэ уран бүтээлүүд цуварч гарах болно” гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Sync хамтлагийн гишүүн Амараа “ 2006 онд “25-р суваг” телевизийн “Миний гэр 2: Чи шүү” реалити шоунд оролцож байсан дөрвөн залуу тухайн үедээ Backstreet Boys-оос сэдэл авч, хамтлаг болох хүсэл мөрөөдлөөр нэгдэж байсан. Олон жилийн дараа тэр мөрөөдөл нь биелж, өнөөдөр Монголд анх удаа баригдаж байгаа 90 метр урттай асар том тайзан дээр тоглох гэж байгаадаа маш их баяртай байна.

Сүүлийн жилүүдэд гишүүд тус тусын хувийн ажил, амьдралдаа төвлөрч, уран бүтээлээс нэлээд холдсон байсан. Жишээлбэл, хамтлагийн гишүүн Энхүүш Европт 7-8 жил амьдарч, ажиллаж байгаад энэ тоглолтод оролцохоор ирсэн нь үүний тод жишээ. Олон жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ нэг тайзан дээр сонсогчдодоо зориулан дурсамжтай сайхан үдшийг бүтээх гэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тоглолтын зохион байгуулалтын хуваарь:

  • 15:00 – Хаалгаа нээнэ
  • 17:00 – DJ дурсамж сэргээсэн сэт
  • 19:00 – Зочин уран бүтээлчид (Баярцэцэг, Гранд Гантулга, Бямбадэлгэр гээд олон сонирхолтой дуучид)
  • 20:40 – 00:00 цаг хүртэл Дөрвөн хамтлагийн үндсэн тоглолт явагдана.

Тасалбарын хувьд:

  • Энгийн - 89,000₮
  • Fan Zone - 200,000₮
  • VIP тасалбар - 500,000 төгрөгийн үнэтэй GS25 салбаруудаар мөн Shoppy.mn хаягуудаар худалдаалагдаж байна.