Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп “үндсэн зорилгоо биелүүлсэн” тул Африк тивийн Мали улсаас гарч байгааг өчигдөр зарлажээ.
Тус группийн хөлсний цэргүүд 2021 оноос хойш Мали улсад үүрэг гүйцэтгэхдээ засгийн газрын армитай хамтран исламын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэж байсан юм.
“Малигийн ард түмэнтэй мөр зэрэгцэн терроризмын эсрэг тэмцэж, олон жилийн турш энгийн иргэдийг айлган сүрдүүлж байсан олон мянган зэвсэгт этгээд болон тэдний командлагчдыг устгасан” гэж тус байгууллага Телеграм хуудсаараа мэдэгджээ.
Гэхдээ уг мэдэгдэл Мали улсын засгийн газрын цэргүүд тус улсын төв хэсэгт оршдог томоохон баазаасаа ухарсан өдрийн маргааш гарч байна.
Уг бааз сүүлийн долоо хоногийн хугацаанд хоёр удаа томоохон халдлагад өртсөн юм.
Мали улс сүүлийн арав гаруй жил исламын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа.
Эрх баригчдаа хангалттай тэмцэж чадахгүй байна гэж үзсэн цэргийнхэн хэдэн жилийн өмнө засгийн эрхийг булаан авч байв.
Өмнөх засгийн газарт тусалж байсан Францын цэргүүд 2022 онд Малигаас гарсан юм.
Тэр үед цэргийн дэглэмийнхэн хэдийнээ Вагнер групптэй хамтран ажиллаж эхлээд байжээ.
Сүүлийн долоо хоногт Сахел муж дахь цэргийн баазууд жихадистуудын халдлагад дараалан өртөөд байгаа.
Өнгөрсөн Ням гарагт Аль Кайдатай холбоотой бүлэглэл Боулкесси хот болон тэнд байрладаг баазад томоохон цохилт өгсөн юм.
Энэ үеэр 30 гаруй цэрэг алагдсаныг эх сурвалжууд мэдээлж байв.
Даваа гарагт ижил бүлэглэл Тимбукту хот дахь цэргийн баазад бас довтолжээ.
Пүрэв гарагт Боулкесси дахь бааз дахин халдлагад өртсөний дараа Малигийн дэглэм тэндээс цэргүүдээ татсан байна. Цэргийнхэн үүнийгээ “стратегийн арга хэмжээ” гэж нэрлэжээ.
Энэ бүхэн Вагнер группийн Мали дахь үйл ажиллагаа үр дүнтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Гэхдээ Вагнер групп Малигаас гарсан ч Оросын өөр нэг хөлсний цэргийн бүлэглэл болох Африкийн Корпусын дайчид үлдэх гэнэ.
Вагнер группийн Африк тивийн төв байр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад байрладаг. Баасан гарагийн мэдэгдэлд Вагнер энэ улсаас гарах талаар дурдаагүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!