Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дроны халдлагын хариуд Оросын тал агаарын томоохон довтолгоо явуулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үүрээр Оросын талаас Украины нийслэл болон бусад бүс нутагт нисгэгчгүй онгоц, пуужин оролцуулсан агаарын томоохон довтолгоо явуулжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг довтолгооны улмаас гурван хүний амь үрэгдэж, 49 хүн шархадсан талаар мэдээлсэн байна.

Амь үрэгдсэн хүмүүс нь тус улсын онцгой байдлын газрын албан хаагчид байсан гэнэ.

Энэ удаагийн довтолгоо нийслэл Киев хот болон баруун хойд бүсийн Луцк хот, Тернополь мужуудыг чиглэжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ довтолгоог “Киевийн дэглэмийн террорист үйлдлийн хариу” гэж тодорхойлоод зөвхөн цэргийн байгууламжуудад чиглэснийг нэмж тайлбарласан байна.

Өнгөрсөн Ням гарагт Украины тусгай албад Оросын газар нутгийн гүнд оршдог агаарын баазуудад нисгэгчгүй онгоцоор халдаж, стратегийн нисэх хүчинд нь багагүй хэмжээний хохирол учруулсан билээ.

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг халдлагын хариуг хатуу арга замаар өгөхөө анхааруулсан гэдэг.

Зеленскийн мэдээлснээр өчигдрийн агаарын довтолгоонд Оросын тал 400 гаруй дрон, 40 гаруй пуужин ашиглажээ.

“Америк, Европ болон дэлхийн бүх хүмүүс Орос улсад шахалт үзүүлж, энэ дайныг хамтдаа зогсоож чадах цаг үе одоо ирж байна. Хэрвээ хэн нэгэн дарамт шахалт үзүүлэхээс татгалзаж, хүний амь үрэгдэх цаг хугацааг энэ дайнд өгч байгаа бол тэр хамсаатан болсныхоо хариуцлагыг хүлээх ёстой. Бид шийдвэртэй ажиллах хэрэгтэй байна” гэж Зеленский мэдэгдсэн нь АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилсэн хэрэг байв.

Пүрэв гарагт Дональд Трамп энх тайван тогтоох яриа хэлэлцээ эхлүүлэхээсээ өмнө Орос, Украины талуудыг “хэсэг тулалдуулах нь дээр байж магадгүй” гэж хэлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC