АНУ-ын ерөнхийлөгч Трамптай муудалцсан тэрбумтан Илон Маскад улс төрийн орогнол олгох саналыг Оросын томоохон хууль тогтоогч өчигдөр гаргажээ.
Төрийн Думын олон улсын харилцааны байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиков “Түүнд улс төрийн орогнол шаардлагатай бол мэдээж Орос улс үүнийг санал болгож чадна” гэж ярьсныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Гэхдээ тэр “Маск шал өөр тоглоомоор тоглож байгаа болохоор улс төрийн орогнол шаардлагагүй байж болох юм” гэж дараа нь хэлжээ.
Новиков нь Оросын Коммунист Намын гишүүн юм.
Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп, Маск нарын маргаан зөрчилд ямар нэг байр суурь илэрхийлэхээс татгалзжээ.
“Энэ бол АНУ-ын дотоод асуудал тул бид хөндлөнгөөс оролцох бодолгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч энэ асуудлыг бие даан зохицуулж чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэр хэлсэн юм.
ОХУ өмнө нь АНУ-ын төрийн нууц мэдээллийг задруулсан Эдвард Сноуден, Кремлийн бодлогыг дэмждэг Британийн блогч Грэм Филлипс нарт улс төрийн орогнол олгож байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!