Б.Бямбасайхан: Энэ жил Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэл өндөр байна
Улаанбаатар хотод зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарыг дуустал хур тунадас ахиу орох төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Гэнэтийн үерийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар албаныхан мэдээлэл өгөв.
Нийслэлийн Онцгой Байдлын Газрын(НОБГ) дарга Г.Галбадрах “Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ны хооронд гол усны завьт эргүүл ажиллуулна.
Мөн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд “Усыг бүү бас” нөлөөллийн аяныг хэрэгжүүлнэ. Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг эхлүүлсэн бөгөөд долоодугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна” гэлээ.
Нийслэлийн Аврах ангийн штабын дарга, дэд хурандаа М.Цогтбаяр: Туул голын дагуу осол эндэгдэл их гардаг хэсгүүдэд хяналтын камер суурилуулна.
НОБГ-ын гамшгаас хамгаалах алба болон тусгай мэргэжлийн ангиудад 622 ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа бол есөн дүүргийн хэмжээнд 93 мэргэжлийн анги, 32 сайн дурын хэсэг бэлэн байдалд ажилладаг байна.
Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан “Энэ жил Сэлбэ, Дунд голын үерийн эрсдэл өндөр байна. Иймд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд үерийн далан байгууламж барьсан. Сэлбэ сэргэлт төсөл, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан барих зэрэг томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн урсгалд саад болж буй байршилд газар чөлөөлөлт хийх, шугам сүлжээний ашиглалтыг сайжруулж байгаа” хэмээв.
Харин Улаанбаатар хотод 1966 оных шиг үерийн нөхцөл байдал үүсвэл хамгаалах үерийн байгууламж байхгүйг тэрбээр хэллээ.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байгаа бөгөөд үерийн хамгаалалтын далан сувгийг нэмэгдүүлэх, үерээс сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангах үүргийг холбогдох албаныхан хүлээжээ.
Нийслэл хотын хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 70 хувийн насжилт дууссан бол борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгджээ. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд 2025 оны байдлаар нийт 103 байршилд нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууцны гадна талбайд борооны ус тогтдог, зөвхөн үер буудаг газар дээр амьдардаг 1,900 гаруй өрх байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд угсарсан борооны ус зайлуулах шугам болон худгийн засвар арчлалт:
- 2023 онд 4 байршилд 1.30 км шугам, 998 орчим худгийн засвар
- 2024 онд 16 байршилд 3.80 км шугам, 580 орчим худгийн засвар
- 2025 онд 12 байршилд 6.20 км шугам, 4 байршилд 364 метр шугамын засвар, 1,013 ширхэг худгийн засвар
- 2024 онд УБЗАА-ны захиалгаар ус тогтдог 24 байршилд борооны ус зайлуулах шугамын зураг төсөл батлан, ажлыг үе шаттай гүйцэтгэж байна.
- 2026 онд 16 байршилд 8.2 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




