БАГЦ МЭДЭЭ: Сөүлийн гудамж, Цирк, КТМС, Усан бассейн зэрэг 12 байршилд ₮26 тэрбумаар борооны ус зайлуулах шинэ шугам угсрахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд нийслэлийн шинээр 12 байршилд нийт 20 гаруй километр борооны ус зайлуулах шугам угсрах бол гурван байршилд 4 километр шугамын угсралтын ажлыг он дамжуулан үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.

Энэ тухай Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан "Энэ жил Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ус их тогтдог 12 байршилд шинээр борооны ус зайлуулах 20 гаруй километр шугам угсарна.

Үүнээс Баянгол дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсрах юм.

Улаанбаатар хот 230 гаруй километр урт борооны ус зайлуулах шугамтай. Эдгээр хоолойг цэвэрлэнэ. Мөн 4,000 орчим шүүрт худаг, 4,000 гаруй худгаас 450 орчим худгийг засварлаж, шинэчилнэ.

Насжилт хэтэрч лагаар дүүрсэн Сүхбаатар дүүргийн хүүхдийн 100, Чингэлтэй дүүргийн Тэнгис кино театр, Баянбүрд орчмын борооны ус зайлуулах шугамыг тусгай зориулалтын машинаар буудуулж, угаана.

Харин он дамжиж байгаа буюу Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн урд тал, Чингисийн өргөн чөлөөнд Мишээл худалдааны төвийн уулзвар хүртэл, Вокзал орчмоос урагш Дунд гол хүртэл борооны ус зайлуулах шугамыг угсарч дуусгана" хэмээн мэдээллээ.

Борооны ус зайлуулах шугам шинээр угсрах 12 байршил:

зураг
 

Харин дээрх 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсрахад хэчнээн төгрөг зарцуулахыг нийслэлийн төсвөөс шүүвэл:

Баянгол дүүрэгт:

  1. Гамшгаас хамгаалах сургалтын төв орчмын зам талбайн борооны ус зайлуулах шугамыг ₮152.6 саяар барина.

Баянзүрх дүүрэгт:

  1. Усан спорт сургалтын төв орчмын борооны ус зайлуулах шугамын ажил 333.3 сая төгрөг
  2.  КТМС-ийн урд талын 38а байрны борооны ус зайлуулах шугамын ажил 554.3 сая төгрөг
  3. 85А байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил 493.7 сая төгрөг буюу нийт ₮1.3 тэрбумыг Замын сангийн хөрөнгөөс зарцуулахаар баталсан байна.

Хан-Уул дүүрэгт:

  1. Дүүргийн нэгдсэн эмнэлгээс Наадамчдын авто зам хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажлын нийт төсөв ₮4.6 тэрбум энэ онд ₮2.3 тэрбумын ажил гүйцэтгэнэ.
  2. Зуун модны авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын нийт төсөв ₮3.6 тэрбум бол энэ онд ₮1.9 тэрбумыг зарцуулна. Уг хоёр байршлын борооны ус зайлуулах шугамыг 2027 онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөв ₮6.5 тэрбум.

Сүхбаатар дүүрэгт: 

  1. Сөүлийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажилд ₮1.1 тэрбумын төсөвтэй.
  2. 5 дугаар хороолол орчмын шугамын төгсгөл хэсгийн борооны ус зайлуулах шугамын ажил ₮219.3 сая.
  3. Циркийн баруун урд тал орчмын борооны ус зайлуулах шугамын ажилд ₮338.6 саяыг зарцуулна. Нийт төсөв ₮1.6 тэрбум.

Сонгинохайрхан дүүрэгт:

  1. "Тэсо" ХХК-ийн урд талын чулуун замын борооны ус зайлуулах шугамын ажлын төсөв ₮286.9 сая.
  2. Найрамдлын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил 2026-2028 онд үргэлжилнэ. Нийт төсөв ₮7.5 тэрбум үүнээс энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулна.
  3. Товчооны авто замын борооны ус зайлуулах шугамын ажил мөн хоёр үргэлжлэх бөгөөд нийт төсөв ₮6.8 тэрбум. Энэ онд ₮2.2 тэрбумын ажил гүйцэтгэнэ. Тус дүүргийн гурван байршлыг борооны ус зайлуулах шугамтай болгоход нийт ₮14.5 тэрбумыг төсөвлөжээ.
Тодруулбал борооны ус зайлуулах шугамыг 12 байршилд шинээр угсрахад нийт ₮26.5 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд энэ онд ₮12.6 тэрбумыг зарцуулах бол хамгийн өндөр өртөгтэй нь хэмжээнээсээ шалтгаалаад Найрамдал зуслан, 22-ын товчооны замынх байна.

Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт ₮1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.