2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар ОНӨААТҮГ-аас танилцуулав.
Тус газрын дарга Б.Бямбасайхан "Энэ жил 12 байршилд борооны ус зайлуулах шугамыг шинээр угсарна. Таван шар орчимд, Бөмбөгөр худалдааны төвийн урд тал, КТМС-ийн 84 дүгээр байрны орчимд зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугамыг гуравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд угсрахаар төлөвлөж байна.
Сэлбэ хотхоны доор хөрсний ус зайлуулах шугам угсарна. Ингэснээр орон сууцны зоорийн давхар руу ус нэвчихгүй болох юм.
Шархад дэд төвд 2.1 километр хөрсний ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн намар эхлүүлсэн, энэ онд дуусгана.
Үзлэгийн 4,000, шүүрт 4,000 худгийн лаг, хагшаасыг орчин үеийн дэвшилтэт машин механизмаар соруулж, цэвэрлэнэ.
Сэлбэ гол дээр таван шатлалт, 1.3 сая шоо метр ус хуримтлуулах усан санг барихаар газар шорооны ажлыг эхлүүлсэн, энэ онд 80%-д хүргэнэ. Усан сан байгуулснаар тухайн орчинд тоосжилтгүй болж, агаарын хуурайшил багасна, ус нөөц бүрдүүлэх, үерийн усыг тогтоон барих ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар 2024 оноос хойш нийслэл хотын 32 байршилд борооны ус зайлуулах шугамыг шинээр угсарлаа. Эдгээр нь хамгийн их ус тогтдог байсан байршил. Тухайлбал Хасбаатарын гудамж буюу Бичил хороолол, 28 дугаар сургуулийн орчим, ТЭЦ-3-ын хойд тал, Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэг, Дарь-Эхийн замын орчимд борооны ус зайлуулах шугамыг угсарч дууссан" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!