-НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжлэв.
Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Ингэхдээ Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах юм байна.
Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд олон нийтээс гудамж талбайн камержуулалт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх, засах болон бусад саналууд ирсэн байна.
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдийн зүгээс алслагдсан Багахангай, Налайх зэрэг дүүргүүдийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг суулгаагүй, зарим өндөр дүнтэй төсөл, хөтөлбөрөөс шилжүүлж гаргах, өмнөх жил эхлүүлсэн дүүрэг, орон нутгийн хэмжээнд хийгдэж буй зарим ажлыг үргэлжлүүлэх төсөв хөрөнгийг зайлшгүй суулгах шаардлагатай байгааг онцлов. Хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлыг НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!