Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчилсэн тарифаар тооцож, 2026 онд ₮38.1 тэрбумын татвар бүрдүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж эхэллээ.
Одоогийн байдлаар ирэх оны төсвийг НИТХ-ын салбар хороодоор хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2026 оны төсвийн ОРЛОГЫГ хэрхэн тооцоолсон талаар мэдээлэл хүргэе.
Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийн төсөл:
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд Нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож, улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг баталсан. Үүнд:
- Нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлогыг 263.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр;
- Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6.0 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 7.0 хувиар тус тус тооцсон байна.
1. Төсвийн орлого
Нийслэлийн төсөвт 2025 онд 4,239.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас эхний 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 2,984.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 347.5 тэрбум төгрөгөөр буюу 10.4 хувиар төсвийн орлогын төлөвлөгөө тасарсан дүнтэй байна. Үүнд, татварын орлогоор 2,625.8 тэрбум төгрөг, татварын бус орлогоор 358.3 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрсөн.
Төсвийн орлогын тасралтад хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, газрын дуудлага худалдаа, дамжуулан зээлийн хүүгийн орлого, өмч хувьчлал, торгуулийн орлогын тасалдал голлох нөлөөллийг үзүүлжээ.
Хотын шууд төсвийн орлогын бүрдүүлэлтийг орлого бүрдүүлэгч байгууллагаар нь задлан авч үзвэл:
- Нийслэлийн татварын газар 23.4 тэрбум төгрөгөөр буюу 2.7 хувиар,
- Газар зохион байгуулалтын алба 22.6 тэрбум төгрөгөөр буюу 35.0 хувиар,
- Өмчийн харилцааны газар 29.6 тэрбум төгрөгөөр буюу 82.1 хувиар,
- Замын хөгжлийн газар 11.9 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар тус тус төсвийн орлогыг тасалдуулсан байна.
2026 онд нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувь буюу 3,835.1 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ.
2026 онд нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2025 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 398.4 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 673.4 тэрбум төгрөгөөр буюу 17.0 хувиар өссөн дүнтэй байна.
Энэхүү өсөлтөд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 201.5 тэрбум төгрөгөөр, хувь хүний орлогын албан татвар 236.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн албан татвар 40.7 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 213.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлжээ.
Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төсвийн төслийн тооцоогоор 2026 онд нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувь буюу 3,835.1 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 17.3 хувь буюу 802.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
- төсвийн орлогын 70.9 хувийг орлогын албан татвараар бүрдүүлэхээс хувь хүний орлогын албан татвараар 46.8 хувийг,
- аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 24.1 хувийг,
- хөрөнгийн албан татвараар 5.9 хувийг,
- бусад татвараар нийслэлийн төсвийн 5.9 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл:
- хотын шууд төсөвт 2,024.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 43.7 хувийг бүрдүүлэхээр,
- дүүргүүдийн төсөвт 2,612.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 56.3 хувийг тус тус бүрдүүлэх тооцоолол гарч байна.
Нийслэл Улаанбаатар хот гадаад болон дотоодын зах зээлд үнэт цаас гаргасантай уялдуулан нийслэлийн төсөвт ирэх онд нийт 255.0 тэрбум төгрөгийг дараах эх үүсвэрээс төвлөрүүлэхээр тооцлоо. Үүнд:
- Батерей төслийн эх үүсвэрээс: 28.0 тэрбум төгрөг
- Хүүгийн орлогын эх үүсвэрээс: 185.0 тэрбум төгрөг
- Бөөрөлжүүт цахилгаан станц төслийн эх үүсвэрээс: 42.0 тэрбум төгрөг
Хотын шууд төсвийн орлогын 53.5 хувь буюу 1,116.0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд хуваарилах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40% орлогоос, үлдэх 46.5 хувь буюу 971.8 тэрбум төгрөгийг хууль тогтоомжийн дагуу хотын төсөвт төвлөрөх татварын болон татварын бус орлогоос бүрдүүлэхээр байна.
Хотын төсвийн орлогын бүрдүүлэлтийг орлого бүрдүүлэгч байгууллагаар нь задлан авч үзвэл:
- нийслэлийн Татварын газар 1,322.3 тэрбум төгрөг буюу 63.3 хувийг,
- Өмчийн харилцааны газар 54.4 тэрбум төгрөг буюу 2.6 хувийг,
- Газар зохион байгуулалтын алба 20.0 тэрбум төгрөг буюу 1.0 хувийг,
- Замын хөгжлийн газар 102.7 тэрбум төгрөг буюу 4.9 хувийг,
- Замын хөдөлгөөний удирдлагын төв 102.4 тэрбум төгрөг буюу 4.9 хувь,
- Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба 70.0 тэрбум төгрөг буюу 3.4 хувь,
- үлдэх 416.0 тэрбум төгрөг буюу 19.9 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагуудаас төвлөрүүлэх тооцоолол гарч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
