Японд олон хоногийн өмнө сураггүй алга болсон Америк оюутны цогцос олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японд гэр бүлээрээ аялж байгаад сураггүй алга болсон Америк оюутны цогцос Киото хотын захаас олдсон тухай түүний ээж Бямба гарагт мэдээлжээ.

20 настай Жэймс Хиггинботамын цогцсыг сайн дурын эрлийн багийнхан уулнаас олсныг Нэнси Хиггинботам сошиал хуудсаараа мэдээлсэн ч үхлийн шалтгааны талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй юм.

“Манай гэр бүлийнхний зүрх сэтгэл шаналж байна. Бидний мэдэрч буй уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж тэр бичжээ.

Алабама мужийн оршин суугч, Оберн Их сургуулийн инженерийн ангийн оюутан Хиггинботамыг хамгийн сүүлд тавдугаар сарын 29-ний өдөр Киотогийн галт тэрэгний буудлаас гарч явахыг хүмүүс харсан юм.

Тэр шөнөдөө түүний гар утас унтарч, холбоо тасарсан юм байна.

Үүнээс өмнө гэр бүлийнхэн нь түүний байрлалыг Life360 программыг ашиглан хянаж байжээ.

Ээж нь түүнд ганцаар байх “орон зай хэрэгтэй” болсон тул ууланд алхахаар явсан гэж таамаглаж байсан байна.

Хиггинботамын гэр бүл Жэймсийн эрэгтэй дүүгийн ахлах сургуулиа төгссөний баярыг тэмдэглэхээр Японд ирээд байжээ.

Эрэн сурвалжлах, аврах ажиллагааг Японы эрх баригчид гурван өдөр явуулахад 100 орчим цагдаагийн ажилтан, аврагчдын баг, нисдэг тэрэгтэй оролцож байсан юм. Гэвч энэ эрэл Баасан гарагт мухардаж зогссон бөгөөд дараа нь Хиггинботамын гэр бүл орон нутгийн сайн дурынхантай хамтран эрлийг үргэлжлүүлж байв.

 

Эх сурвалж: CNN