Зеленскийн саналд Путин татгалзсаны дараа Санкт Петербург хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв
Бямба гарагийн өглөө Украины хэдэн зуун нисгэгчгүй онгоц Оросын хоёр дахь том хот Санкт Петербургт довтолжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн нүүр тулан уулзах саналд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин татгалзсаны маргааш уг халдлага болсон байна.
Хотын захирагч Александр Беглов оршин суугчдадаа гэрээс гарахгүй байхыг зөвлөж, гар утасны интернэт үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулсан бол Ленинград мужийн захирагч Александр Дрозденко нийт 141 нисгэгчгүй онгоцыг унагасан тухай мэдээлжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр Украины 376 нисгэгчгүй онгоцыг тус улсын агаарын хүчнийхэн унагасан гэнэ.
“Өнгөрсөн шөнө манай нисгэгчгүй онгоцнууд Санкт Петербург орчмын бүс нутгийг хүртэл 1,000 орчим километр зайг туулж, дайсны Кронштадт тэнгисийн цэргийн баазад хүрлээ” гэж Зеленский сошиал хуудсаараа мэдээлжээ.
Хэдийгээр үр дүн тодорхойгүй байгаа ч энэ нь Украины дайныг Оросын ард иргэдийн амьдралд нөлөөгүй, алс холын үйл явдал мэт сурталчилдаг Путиний дэглэмийг ичгүүртэй байдалд оруулж байна.
Санкт Петербург хотод жил тутмын олон улсын эдийн засгийн чуулган эхэлсэн өдөр буюу Лхагва гарагт Украины дронууд тус хотын газрын тосны терминал, ойролцоох цэргийн баазад довтолсон юм.
Пүрэв гарагт чуулганд үг хэлэхдээ Путин тус улс Украины нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалах системээ бэхжүүлж байгааг дурдаж байв.
Баасан гарагт тэр Зеленскийн тавьсан саналыг няцаасан юм.
Зеленский дайн эхэлснээс хойш анх удаа Путинд бичсэн нээлттэй захидалдаа Оросын ерөнхийлөгчийн 26 жилийн засаглалыг шүүмжилж, түүний насны талаар тохуурсан өнгө аяс илэрхийлсэн байв.
Путин уулзах саналд татгалзсан хариу өгсний дараа Бямба гарагт Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига энэ нь “Оросын нөхцөл байдлыг улам дордуулах болно” гэж мэдэгджээ.
Тэрбээр Украины алсын тусгалын довтолгооны эрч цаашид улам нэмэгдэж, “Оросын нутаг дэвсгэрт аюулгүй газар байхгүй болно” хэмээн анхааруулсан юм.
Фронтын нөгөө талд ч энэ үеэр халдлага үргэлжилсэн байна. Бямба гарагийн шөнө Оросын талаас Днипропетровск мужийн нутагт нисгэгчгүй онгоц, их буугаар довтолсны улмаас нэг хүн алагдаж, гурван хүн шархадсаныг бүс нутгийн захирагч Олександр Ганжа мэдээлжээ.
Запорожье мужид мөн Оросын дроны халдлагын улмаас автомашины гарааш шатахад долоон хүн эмнэлгийн тусламж авсныг бүс нутгийн тэргүүн Иван Федоров мэдээлсэн байна.
Бямба гарагийн шөнө Оросын тал нийтдээ 272 дроноор довтолсны 249-ийг нь унагаснаа Украины агаарын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
