Хөтлөгчтэй ширүүн маргасан Трамп NBC сувгийн ярилцлагыг дундаас нь орхив
Ням гарагт NBC телевизийн сувгаар цацагдсан “Meet the Press” нэвтрүүлэгт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус шоуны хөтлөгч Кристен Уэлкертэй хэд хэдэн удаа маргалдсаны дараа дундаас нь орхин явжээ.
Тэрбээр энэ үеэр Калифорни мужид одоо явагдаж буй анхан шатны сонгууль, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн аль аль нь “луйвартай” болсныг ярьсан юм.
Хөтлөгч түүнээс нотлох баримт шаардахад “Би бүх харсан, сонссон зүйлээ ярьж байна” гэж хариулжээ. Үүнийг нь “нотлох баримт биш” гэж Уэлкерийг хэлэхэд Трамп тус сувгийг “худал хуурмаг” мэдээлэл тараадаг гэж буруутгасны дараа “Уучлаарай, миний хувьд хангалттай тул ингээд дуусгая” гэж хэлээд явсан байна.
Трампын хувьд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй тааруу харилцаатай байдаг бөгөөд тэднийг үргэлж өөрийнх нь эсрэг байр суурь баримталдаг хэмээн шүүмжилдэг.
Баасан гарагт Висконсин мужийн фермерүүдэд зориулсан арга хэмжээний үеэр аж ахуйн байранд болсон энэ ярилцлага металл дээвэр дээр орсон борооны чимээ зэрэг хэдэн хэдэн техникийн хүндрэлийн улмаас бичлэг нь олон удаа хойшилжээ.
Ярилцлага эхлээд 50 минут болж байхад Трамп ийнхүү орхин явсан байна.
Уэлкер энэ үеэр Ираны дайны талаар олон асуулт тавьж, Трамп цөмийн зэвсэгтэй болох Тегераны дэглэмийн оролдлогыг АНУ таслан зогсоох ёстойг удаа дараа тайлбарлажээ.
“Бидний ажиллагаа хэдэн сар үргэлжилсний дараа энэ аюул занал бараг алга болсон” гэж Трамп энэ үеэр хэлсэн юм.
Трампыг явахаас зургаан минутын өмнө одоо цуцлагдсан $1.8 тэрбумын “зэвсэглэлийн эсрэг” сангийн төлөвлөгөөний сэдвээр ярилцаж эхэлжээ.
Трамп 2021 оны нэгдүгээр сард Капитолын үймээнд оролцож, өөрийг нь дэмжсэний төлөө шийтгүүлсэн хүмүүст нөхөн төлбөр олгох зорилгоор ийм сан байгуулах санаачилга гаргасан ч Ардчилсан Намын гишүүд болон Бүгд Найрамдах Намын зарим гишүүдийн хүчтэй шүүмжлэлийн улмаас цуцалсан юм. Энэ сэдвээс Уэлкер, Трамп нар сонгуулийн луйврын сэдэв рүү шилжсэн байна.
Уэлкер ярилцлагаа үргэлжлүүлэхийг оролдоход Трамп “Би чамтай бороонд цаг гаруй сууж, чамд хангалттай цаг гаргалаа. Чи хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнтэй зөв харьцах хэрэгтэй. Чи юу мэдэж байгаа юм бэ? Шударга бус хэвлэл мэдээлэлтэй улс орон хэзээ ч аугаа байж чадахгүй. Миний хувьд хангалттай тул ингээд дуусгая. Баярлалаа найз минь, сайхан амраарай” гээд босож явсан юм.
Өчигдөр ярилцлага цацагдсаны дараа Уэлкер ”Бямба гарагт би ерөнхийлөгч Трамптай ярилцахдаа бидний яриа борооны улмаас хүндрэлтэй бичигдсэнийг харилцан хүлээн зөвшөөрсөн. Тэр надтай дахин нэг удаа ярилцахаа амлалаа” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

