Арменийн эрх баригч нам парламентын сонгуулийн эхний үр дүнгээр 54 хувийн саналтай тэргүүлж байна
Ням гарагт Армени улсад парламентын сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.
Тус улсын олон нийтийн телевизээр цацагдсан эхний үр дүнгээс эрх баригч Иргэний Гэрээ нам 54.44 хувийн саналаар тэргүүлж байгаа нь харагджээ.
2023 онд Азербайжантай хийсэн дайнд ялагдсанаас хойш анх удаа болж буй уг сонгууль нь Өрнөдтэй ойртож, Бакутай энхийн гэрээ байгуулахыг эрмэлзэж буй ерөнхий сайд Никол Пашиняны хувьд томоохон сорилт болж байгаа.
Бүх санал хураах хэсгүүдийн 16 хувийн урьдчилсан дүнгээс Оросын талыг баримтлагч Хүчтэй Армени нам 22 хувийн саналаар хоёрдугаарт яваа нь харагдаж байна.
Арменийн Эвсэл нам 8.8 хувь, Арменийн Хөгжил Дэвшил нам 5 хувиар тус тус удаалжээ.
Гурван сая орчим хүн амтай, далайд гарцгүй Өвөр Кавказын энэ улсад сонгогчдын ирц 59 орчим хувьд хүрсэн байна.
Сонгуулийн Төв Хороо урьдчилсан дүнг Даваа гарагт зарлах юм.
2018 онд засгийн эрхийг авснаасаа хойш Армени улсыг Өрнөдтэй ойртуулах бодлого барьж байгаа Пашиняны эрх баригч Иргэний Гэрээ нам энэ сонгуульд Оросын талыг баримтлагч гурван том сөрөг хүчинтэй өрсөлдөж байна.
Хэрвээ энэ сонгуульд ялбал Пашинян 1980-аад оны сүүл үеэс эхлэн дайны байдалд байгаа хөрш Азербайжантай найрамдаж, Азербайжаны гол холбоотон Турк улстай харилцаагаа сайжруулах мандатыг сонгогчдоос авах юм.
Ням гарагт санал өгөхдөө Пашинян “Европын Холбоо бол ардчилсан шинэчлэлийг хэрэгжүүлэх бидний гол түнш бөгөөд бид энэ замыг үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ.
Гэхдээ тэр бас Армени, Оросын хооронд ямар ч хурцадмал асуудал байхгүйг онцлоод “Орос улстай харилцах харилцаа маань институцийн шинжтэй бөгөөд харилцан хүндэтгэлд суурилдаг” гэж хэлсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Оросын эрх баригчид Арменийн хэд хэдэн экспортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Европыг дагавал Украины хувилбар Арменийг хүлээж байгааг Пашинянд анхааруулсан.
Үүнтэй зэрэгцэн санал хураалтын өмнөх өдөр Арменийн хууль хүчнийхэн санал худалдаж авсан хэргээр Хүчирхэг Армени намын зургаан гишүүнийг баривчлах захирамж гаргасан байна.
Арменийн парламент болох Үндэсний Ассемблей нь таван жилийн хугацаатай сонгогддог 101 гишүүнтэй.
Намууд суудал авахын тулд 4 хувийн саналын босгыг давах, гурав ба түүнээс дээш намаас бүрдсэн эвсэл бол 8 хувийн босгыг давах ёстой.
Ням гарагийн сонгуульд хоёр эвсэл, 17 нам оролцжээ. Ихэнх санал асуулгын үр дүнгээс Пашиняны нам энэ сонгуульд ялах урьдчилсан төлөв харагдаж байгаа.
Пашиняныг дэмжиж байгаагаа Европын хэд хэдэн удирдагч, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар мэдэгдсэн.
Тухайлбал Трамп “Бидний сайн найз, удирдагч, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян улс орноо хүчирхэг, баян чинээлэг, айх аюулгүй болгож байна” гэж сошиал хуудсандаа бичээд арменичуудад “Арменийг Дахин Аугаа Болгох”-ыг уриалжээ.
Энэ нь Кремлийг бухимдуулсан юм.
Тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Путин “хэрвээ Арменийн ард түмэн Европын Холбоонд элсэхийг ашигтай гэж үзвэл бидэнд хэлэх зүйл байхгүй” гэж мэдэгдэж байв.
Гэсэн хэдий ч тэр “Бид одоо Украинд болж буй үйл явдлын гэрч болж байна. Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Европын Холбоонд элсэхийг оролдсоноос эхэлсэн” гэж хэлжээ.
Сөрөг хүчний намууд тэр дундаа Хүчирхэг Армени нам Оростой илүү ойртон түншлэхийг эрмэлзэж байгаа. Тус намын тэргүүн Армени-Оросын тэрбумтан Самвел Карапетян одоогоор төрийн эрхийг булаахыг оролдсон хэргээр шүүгдэж байна.
Гэрийн хорионд байгаа тэрбээр намынхаа сонгуулийн ажлыг өөрийн зээ Нарек Карапетянаар дамжуулан хэрэгжүүлж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

