Умард Солонгост хийх Хятадын төрийн тэргүүний хоёр өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна

Т.Давааням, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний хоёр өдрийн айлчлал өнөөдөр Умард Солонгост эхэлж байна. Энэ нь түүний долоон жил орчим хугацааны дараа хийж буй айлчлал юм.

Хятад улс нь Умард Солонгосын гол холбоотон боловч цар тахлаас үүдэлтэй худалдааны хязгаарлалт, улам бүр ойртон нягтрах болсон Пёнян-Москвагийн түншлэл зэргийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд харилцаа нь нэлээд сулраад байгаа.

Хятад улсад батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээ байгуулсан цорын ганц улс байдаг нь Умард Солонгос юм.

Ши Жиньпиний айлчлал уг гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойн өмнө тохиож байна.

Хоёр улс 1950-аад оны эхээр Солонгосын дайнд мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Умард Солонгосын эрх баригчид Оростой илүү их ойртож, Украины эсрэг дайнд 10,000 гаруй цэргээ илгээж, зэр зэвсэг нийлүүлж байв.

Улмаар 2024 онд тус хоёр улс батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээ байгуулсан юм.

Тиймээс Ши Жиньпиний айлчлалыг суларсан харилцаагаа сэргээх, бас Умард Солонгос-Оросын харилцааг өөрийн үүсгэсэн харилцаанаас хэт давуулахгүй байх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Түүний айлчлал Бээжинд хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа болж байгаа юм.

Трамп, Ши нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Солонгосын асуудал яригдсаныг Цагаан ордон хожим баталсан.

Эндээс Трампын байр суурийг Ши Жиньпин айлчлалынхаа үеэр Ким Жон Унд дамжуулах магадлалтай гэж зарим хүмүүс таамаглаж байна.

Сүүлийн жилүүдэд Бээжин, Вашингтон хоёр Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг хөндөхөө болиод байгаа.

Өнгөрсөн онд Ши Жиньпин, Ким Жон Ун нар Бээжинд уулзах үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд анх удаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар дурдаагүй.

Тавдугаар сард болсон Трамп, Ши нарын уулзалтын дараа Вашингтон “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нийтлэг зорилгоо баталгаажуулсан” гэж мэдэгдсэн ч Бээжин үүнийг батлаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос цөмийн материалын шинэ үйлдвэрээ нээхэд Ким Жон Ун улс орныхоо цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалж байв.

Цар тахлаас хойш гадаадад ховор айлчлах болсон Ши Жиньпиний хувьд Умард Солонгосын айлчлал онцгой ховор үйл явдал юм.

Түүний айлчлалын зорилгыг Бээжингийн үргэлж санаа зовсоор ирсэн “Умард Солонгосыг өөрийн нөлөөнөөс хэт холдуулахгүй байх юм” гэж Азийн Нийгэмлэгийн ахлах судлаач Жон Делюри дүгнэжээ.

 

Эх сурвалж: AFP