Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт САТ-1 шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа юм байна.
Иймд Ховд аймгийн Онцгой комиссын хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын энэ оны А/427 дугаартай захирамжаар 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл урлаг, спортын болон олон нийтийн аливаа арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон байна.
Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг мөрдөн, Гамшгаас хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



