Петровис Групп иргэдэд зориулсан "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв"-ийг ашиглалтад орууллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Петровис Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд дэд бүтэц хязгаарлагдмал суурьшлын бүсийн иргэдэд зориулсан "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" төслийг амжилттай хэрэгжүүлж, албан ёсоор ашиглалтад орууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансар 4-р гудамжинд өмнө нь дэд бүтэц татахад бэрх, хотгор жалга байсан бөгөөд 500 гаруй машин шороо зөөж, 400 метр квадрат талбай бүхий хоёр давхар Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийг бүтээн байгуулсан байна. Үүний үр дүнд 28 дугаар хороо болон зэргэлдээ бүсийн оршин суугчдын ахуйн үйлчилгээний хэрэгцээг бүрэн хангаж боломжтой болжээ. Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвд үсчин, угаалга хатаалга, халуун ус, ая тухтай дэлгүүр, хүүхэд хөгжлийн төв байрлаж, хорооны иргэдэд тогтмол үйлчилгээ үзүүлэх юм. 

Тус төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацтай хамтран Петровис Группийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ба дээрх үйлчилгээнүүдээс гадна хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн талбай, иргэд салхилах талбай зэрэг орчны тохижилт багтаж байгаа билээ. 

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж буй энэ төслийн нээлтэд Петровис Группийн хамт олон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны төлөөлөл, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хамт олон оролцож, тууз хайчиллаа. Нээлтийн арга хэмжээний үеэр 28 дугаар хорооны авьяас багачууд урлагийн тоглолт үзүүлж, хүүхэд багачууд шинэ бүтээн байгуулалттай танилцан нэг өдрийг инээд хөөр дүүрэн өнгөрүүллээ. 

Мөн арга хэмжээний нээлтэд ирсэн хүндэт зочид төлөөлөгчид мод тарьж, орчны тохижилтод чимэг нэмсэн юм.

Петровис Группийн 2026 онд ашиглалтад оруулсан хамгийн том төслийн нэг боллоо

Энэ үеэр Петровис Группийн Хөрөнгө удирдлагын газрын захирал, "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" компанийн гүйцэтгэх захирал А.Хүдэр-Эрдэнэ "Бид нийгэмд хэрэгтэй төсөл хэрэгжүүлэхээр 2020 онд анх "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" төслийг санаачилж, төр хувийн хэвшлийн хамтралаар хэрэгжүүлснээрээ онцлог. Яг энэ байршлыг сонгох болсон нь олон жилийн түүхтэй. Төсөл хэрэгжүүлэхийн өмнө 80 орчим газрыг судалсан. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо хүртээмжийн хувьд хамгийн их, байршлын хувьд хорооны иргэдийн төв болж чадахаар байсан.

Шат дараатай олон уулзалтын хүрээнд хорооны иргэд сайшаалтай хүлээн авсан. Нийгмийн хариуцлагын төсөл учраас энэ хорооны иргэдийн оролцоог дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилго тавьсан. Бүрэн автомат хувцас угаалга болон олон улсын жишигт нийцсэн халуун ус нь өдөрт 60-100 хүлээн авч, дунджаар 3,000 кг хувцас угааж байна.

Энэ төсөл бидний 2026 онд ашиглалтад оруулсан хамгийн том төслийн нэг боллоо. Дараа дараагийн шаардлагатай бүсүүдэд энэ загвараар дан ганц манайх төдийгүй бусад томоохон компани хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна" хэмээн ярилаа. 

Харин Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин "Петровис Групп иргэдийн хэрэгцээнд нийцсэн цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлж, байгальд ээлтэй үйлчилгээний төвийг бүрэн тохижуулж өглөө. Бидний зүгээс газрын асуудлыг шийдсэн өгсөн.

Иргэд маань энэ төвөөр үйлчлүүлснээр цаг хугацааг хэмнэж, гэр бүлдээ хэмнэсэн цаг хугацаагаа зарцуулна гэдэгт найдаж байна. 28 дугаар хорооны энэ байршилд хуучин жалга байсныг тэгшилж, Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийг бүтээн байгуулснаар гэр хороолол дунд гэрэл нэмлээ" гэв.

Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийн онцлог:

Барилгын үйл ажиллагааны урсгал зардлыг нарийвчлан тооцож, үсчний үйлчилгээний талбайг зах зээлийн дундаж үнээс хямд нөхцөлөөр түрээслүүлэх боломжийг бүрдүүлсэн. Нийт 3 суудалтай үсчний үйлчилгээний хэсэг нь оршин суугчдад ойр, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээс гадна тухайн бус иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг дэмжих бодит хувь нэмэр оруулж байгаа юм.
Нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрийн хэсэг нь өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний барааг иргэдэд ойроос, хүртээмжтэй нөхцөлөөр хүргэх зориулалттайгаар төлөвлөгдсөн. Дэлгүүрийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулах зорилгоор стандартын шаардлага хангасан агуулахын өрөөтэй бөгөөд бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулалттай хадгалах, нөөцийг тогтмол бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, цэвэр тохилог нийтийн ариун цэврийн өрөө нь иргэдийн тав тух, эрүүл ахуйн хэрэгцээг хангах орчин үеийн шийдлээр тоноглогдсон. Орчин үеийн олон улсын стандартад нийцсэн халуун усны хэсэг нь нийт долоог өрөөтэй, нэг саунтай бөгөөд иргэд тав тухтай, цэвэр орчинд үйлчлүүлэх юм.

Энэхүү төслийн бас нэг онцлог нь ирээдүйн эзэд болсон хүүхэд залуусын боловсрол, хамтдаа хөгжих орчныг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхээр Нэгдсэн Үндэсний байгууллагын "Хүүхдийн сан"-тай хамтран ажилласан явдал билээ.

НҮБ-ын "Хүүхдийн сан" төслийн барилгын 140 метр квадрат талбайд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх тохижилт хийх, цаашид төслийн олон нийтийн хөгжлийн хэсгийн үйл ажиллагааг нь хариуцан гэр бүл, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар болсон билээ.

Мөн ажиллах боловсон хүчнийг тухайн бүсийн оршин суугчдаас бүрдүүлж, найман шинэ ажлын байр бий болгожээ. Гадна тохижилт, олон нийтийн оролцоог дэмжсэнээр 8,000 орчим хүн амтай 28 дугаар хорооны төвлөрөх, үйлчлүүлэх, хамтран ашиглах орчин үеийн нийтийн төв болон хөгжих боломжтой боллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав