SK, Nvidia компаниуд хиймэл оюуны салбарт урт хугацаанд хамтран ажиллахаар болсноо зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын SK Group, АНУ-ын Nvidia компаниуд хиймэл оюуны технологийн салбарт урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа өнөөдөр өглөө Сөүл хотод зарлажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд тэд хиймэл оюуны хурдасгуурын чип хамтран зохион бүтээх, дата төв, үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.

“Өнөөдөр бид SK групптэй олон элемент бүхий түншлэлийг эхлүүлж байгаагаа зарлаж байна. Бид урт хугацааны гэрээ байгуулж байна. Бид замын зургаа хамтран боловсруулж байгаа бөгөөд ингэснээр Nvidia-ийн архитектур, SK hynix-ийн санах ойн технологи хамтдаа хөгжиж, зах зээлд хамгийн өндөр гүйцэтгэл, хамгийн их үнэ цэнийг бий болгох юм” гэж Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан мэдэгджээ.

SK Group-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон энэхүү түншлэл нь SK hynix дээр төвлөрсөн санах ойн хамтын ажиллагаанаас SK Group-ийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээтэй түншлэл болон өргөжиж байгааг мэдэгдсэн байна.

Дэлхийн томоохон санах ой үйлдвэрлэгч SK hynix нь хиймэл оюуны процессорт зориулсан өндөр хурдны санах ойг (HBM) Nvidia компанид нийлүүлдэг юм.

Тэгвэл шинэ түншлэлийн хүрээнд уг нийлүүлэлт удаан хугацаанд үргэлжилж, үзүүлэлтийг нь сайжруулахын тулд хоёр компани хамтран ажиллахаар болж байна.

Үүнийг Хуан батлахдаа Nvidia-ийн саяхан шинээр танилцуулсан Vera Rubin суперкомпьютер, Vera CPU, RTX Sparc, Jetson Thor бүтээгдэхүүнүүд бүгд “дотроо SK hynix” агуулахыг мэдэгджээ.

“Nvidia компанийн хамгийн том санах ой нийлүүлэгч SK hynix байсаар ирсэн цаашдаа ч байсаар байх болно” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

SK Telecom компани бас Nvidia-тай хамтран Ази даяар гигаватт түвшний хиймэл оюуны дэд бүтцийг байгуулахад хамтрахаар болсон байна.

2027 онд Өмнөд Солонгост нээгдэх эхний үйлдвэр нь Nvidia-ийн Blackwell график процессор болон Vera Rubin суперкомпьютерыг үйлдвэрлэдэг байх гэнэ.

Женсен Хуан өнгөрсөн Баасан гарагт Сөүл хотод хүрэлцэн ирсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэр SK Group-ийн ерөнхийлөгчтэй албан болон албан бус хэлбэрээр хэд хэдэн удаа уулзаж байв.

Ням гарагт тэд Сөүл хотын Самсон-дон дахь шарсан тахианы ресторанд зоог барьж, тэнд цугларсан хүмүүст хоол тарааж байлаа.

Өчигдөр Хуан бас Өмнөд Солонгосын бэйсболын багуудын тэмцээний нээлтэд оролцож, эхний бөмбөгийг шидсэн юм.

Энэ үеэр тэр ярихдаа Өмнөд Солонгосын шинжлэх ухааны чадавх, хагас дамжуулагч үйлдвэрлэх туршлага, аж үйлдвэр, программ хангамжийн хөгжил Nvidia компанийг тус улстай түншлэхэд хүргэж байгааг хэлжээ.

“АНУ номер нэг. Хятад улс номер хоёр. Миний бодлоор Өмнөд Солонгос номер гурав. Дээрх хүчин зүйлс хиймэл оюуны хувьсгалд Өмнөд Солонгос улс давамгайлах таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэж Хуан хэлсэн юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Korea Times