“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод, ойлголцлын нэгдсэн суурь бүрдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлэг өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
ДЦС-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх бөгөөд нийт 658.5 сая ам.долларын санхүүжүүлэлтийн 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэлийн төсвөөр барихаар болсон байна. Үүнтэй холбогдуулан сонирхсон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгон шалгаруулалттай холбоотой асуултад төсөл хэрэгжүүлэгч нар хариулсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан оролцож, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн албан тушаалтнуудтай хэл ам зөрүүлэв.
Б.Жаргалсайхан: Урьд нь ямар нэгэн байдлаар цахилгаан станц барьж байсан компани энэ төслийн түншлэлд оролцох ёстой юм байна. 300 МВт-ын цахилгаан станц барьсан туршлагатай компани Монголд олон биш. Энэ шаардлага чинь зөвхөн гадаадын компанид өгсөн гэсэн заалт байна.
Та нар юуг үндэслэж 600 сая ам.доллар гэсэн юм. Миний сонссоноор ТЭЦ-3-ыг Оросууд ирж хоёр тэрбум ам.доллароор шинэчилж өгье гэж хэлчхээд явсан. Тэгэхээр энэ төсөлд гадаадын компани орох юм уу. 30 сая ам.долларын урьдчилгаа гаргах хувийн хэвшил байгаа юу.
Миний судалснаар энэ дэлхий дээр нүүрсний цахилгаан станцыг зөвхөн Хятад барьж байна. Бусад нь нүүрсний технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхээ больсон. Тэр тусмаа дулааны цахилгаан станцын гадаадын хөрөнгө оруулалтыг Хятадын Засгийн газар албан ёсоор хаачихсан. Монголд цахилгаан станц барьж өгөхгүй гээд. Сүүлийн хоёр сар гаруй Эрчим хүчний сайдаас эхлүүлээд Нийслэлийнхэн та нар урагшаа явсан. Хөрөнгө оруулагч олж ирж чадсан уу, бариад өгье гэсэн хүн байна уу.
ДЦС-5 барина гэж миний мэдэхийн эхээс төрөхдөө арай сонсоогүй байх, олон жил ярилаа. Баригдахгүй байгаа шалтгаан нь юу вэ. Сангийн яам гэж харамч байгууллага юу ч хийдэггүй юм уу. Өнөөдөр та нар дулаан цахилгааны үнийг нэмсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байна. Засгийн газар 30 их наяд төгрөгөө оруулж ирвэл ам.долларын ханш өснө. Энэ үнийн өсөлт төсөлд чинь яаж нөлөөлөх вэ.
Хувийн хэвшил гэж нэр зүүжээ. Ер нь бизнес гэдэг зүйлээ ойлгож байна уу. Цахилгаан станц барина гэдэг чинь бизнес эрхлэгчийн хувьд хөрөнгө босгоод, технологи бий болгоод тэрийгээ улсад худалдахыг хэлж байгаа юм. Бизнес хийнэ гэдэг хүн бүр кармандаа хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагагүй.
Африкаас ирсэн цагаач Илон Маск өнөөдөр ам.долларын тэрбумтан болчихсон байна. Бүх мөнгөө зах зээлээс босгож аваад бизнесээ явуулж байна. Манайх болохоор дотоодын үйлдвэрлэгч нараа бойжуулъя гэж бодохгүй юм.
Цахилгааны инженер хүн цахилгааны станц барина гэж байхгүй. Цахилгааны инженерт мөнгө өгдөг дэлхийн санхүүгийн байгууллага байхгүй. Дэлхийн санхүүгийн байгууллагууд санхүүчид юм уу бизнес эрхлэгч нарт л мөнгө зээлдэг. Манайд болохоор цахилгаан станцад ажилладаг байсан хүн би барина гэж яваад байдаг. Манайд ажиллах боловсон хүчин байхгүй байна. Компани, захирлууд бол байна, доор нь ажиллах цэвэрлэгч, тогооч нар байхгүй. Цахилгаан станцын тоног төхөөрөмжийг Хятадын Харбин, Шанхай хоёрт л үйлдвэрлэж байгаа. Өөр газар хийддэггүй.
Төсөл хэрэгжүүлэгч: Ер нь та мэдэж байгаа, олон улсын бүх нээлттэй тендерүүд ийм шаардлага тавьдаг. Бид олон улсын нөхцөлд нь тааруулаад явж байна.
Б.Жаргалсайхан: Чи битгий хүн загнаад бай. Илон Маск гэх нөхөр амьдралдаа нэг ч сургууль төгсөөгүй ч сансрын хөлөг хөөргөөд байж байна. NASA-ийн зүгээс сансрын хөлөг хийхэд нь боломж олгоод байна. Монголд яагаад боломжийг нь олгодоггүй, дарга нар өөрсдөө боломжийг нь барьж байдаг юм бэ. Би үүнийг чинь ойлгохгүй байгаа. Наадах чинь бүтэхгүй, би мэдэж байна.
Та нар бизнес эрхлэгчдийг буруу ойлгоод байна. Энэ зах зээл дээр мөнгө босгож чаддаг хүнийг бизнес эрхлэгч гэдэг юм. Ямар нэгэн цахилгаан станц урьд нь барьж байсан дадлага туршлагатай хүн гээд үг үсэггүй биччихсэн. Монголд хаана, хэдэн компани тийм цахилгаан станц барьсан юм бэ.
Төсөл хэрэгжүүлэгч: Хувийн хэвшил түншлэл болж оролцоно гэж хуульд бичсэн. Та мэдэж байгаа шүү дээ. Бид хуулийн дагуу ажлаа явуулж байгаа.
Б.Жаргалсайхан: Та яагаад уурлаад хүн загнаад байгаа юм. Гараад зайл чи, битгий хуцаад бай, юу гээд загнаад байгаа юм бэ. Ам хамраа мэдэж солиор. Бизнес эрхлэгчид энэ төсөл рүү чинь орох боломжгүй болоод байна. Арай өөрөөр байж болохгүй юу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
131 СЭТГЭГДЭЛТЭЙ
|