Гаалийн Ерөнхий Гараас 2025 оны эхний таван сарын гадаад худалдааны мэдээллийг нэгтгэн гаргаснаа танилцууллаа.
2025 оны эхний 5 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,964.7 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 786.5 сая ам.доллар буюу 7.3 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 884.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
Экспортод 5,424.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар буурсан аж. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
2025 оны эхний 5 сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрс, 100 хувь БНХАУ-д; зэсийн баяжмалын 99.9 хувийг БНХАУ-д; хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 52.9 хувийг Италид тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 88.6 хувийг эзэлжээ.
Мөн Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.8 хувь, Швейцарт 5.3 хувь, АНУ-д 0.9 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож, нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 4,540.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 144.9 сая ам.доллароор буюу 3.3 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.6 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа,1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.6 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байгаа юм.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 922.8 сая ам.доллар буюу 20.3 хувь, эрдэс бүтээгдэхүүн 951.4 сая ам.доллар буюу 21.0 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 836.5 сая ам.доллар буюу 87.9 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 475.9 сая ам.доллар буюу 27.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1043.7 сая ам.доллар буюу 23.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 377.5 сая ам.доллар буюу 8.3 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 249.0 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 87.9 хувь ногдож байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.6 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд БНХАУ-д 29.2 хувь, АНУ-д 28.1 хувь, БНСУ-д 16.5 хувь, ХБНГУ-д 11.0 хувь, Туркт 4.2 хувь тус тус ногджээ. Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал АНУ-д 56.9 хувь, БНСУ-д 15.4 хувь, БНХАУ-д 11.6 хувь ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 26.5 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 57.3 хувь, Энэтхэгт 27.7 хувь, Францад 9.6 хувь, Италид 3.0 хувь тус тус ногдсон аж.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 63.1 хувийг Энэтхэгээс, 12.7 хувийг Францаас, 8.3 хувийг БНСУ-аас тус тус олгожээ. Нийт 47.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 83.6 хувь, БНХАУ-д 12.4 хувь тус тус ногдож байна.
Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 36.7 хувь; ОХУ-д 24.3 хувь; Японд 13.2 хувь; БНСУ-д 4.3 хувь; АНУ-д 4.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.6 хувийг эзэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!