Ядуу амьдралтай хүүхдүүд чинээлэг амьдралтай хүүхдүүдтэй харьцуулахад илүү хурдан хөгшрөх гэх мэт биологийн сул талтай байдгийг шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Их Британийн Imperial College London сургуулийн судлаачид Европын олон орны 6-11 насны 1,160 хүүхдийг хамруулсан судалгааны тайлангаа саяхан Lancet шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн юм.
Ингэхдээ тэд тухайн хүүхэд өөрийн гэсэн өрөөтэй эсэх, гэр бүл нь хэдэн автомашинтай зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүдээр нь өндөр, дунд, бага гэсэн гурван ангилалд хуваасан байна.
Дараа нь хүүхдүүдийн цусны цагаан эс дэх теломерын дундаж уртыг хэмжиж, шээснээс нь стрессийн даавар кортизолын түвшнийг хэмжжээ.
Теломер бол эсийн хөгшрөлт болон ДНХ-ийн бүрэн бүтэн байдалд чухал нөлөөтэй хромосом дотор байдаг бүтэц юм.
Хүний нас ахих тусам теломерын хэмжээ богиносдог байна.
Дээрх судалгаагаар чинээлэг бүлгийн хүүхдүүдийн теломерын хэмжээ ядуу бүлгийн хүүхдүүдийнхээс дунджаар 5 хувиар урт байгаа нь тогтоогджээ.
Бусад үр дүнг сонирхуулахад охидын теломерын хэмжээ хөвгүүдийнхээс дунджаас 5.6 хувиар урт байсан байна.
Мөн өөхний массын хэмжээ нэмэгдэх хувь тутамд теломерын хэмжээ 0.18 хувиар богиносож байжээ.
Дунд болон өндөр ангиллын хүүхдүүдийн кортизолын хэмжээ бага ангиллын хүүхдүүдийн хэмжээтэй харьцуулахад бага буюу зөрүү нь 15.2 хувиас 22.8 хувийн хооронд хэлбэлзэж байсан байна. Өөрөөр хэлбэл ядуу амьдралтай хүүхдүүд илүү их стресстэй байна гэсэн үг.
Энэ ажилдаа ядуурлын түвшинд амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг сонгож хамруулаагүй, мөн чинээлэг амьдралыг ямар нэг генийн чанартай холбох гээгүй, харин хүүхдийн хүрээлэн буй орчин тэдний хөгшрөлт болон урт хугацааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг харуулахыг зорьсноо судлаачид тайлбарлажээ.
“Бидний олж авсан мэдээлэл гэр бүлийн чинээлэг байдал болон эсийн хөгшрөлтийн нэг үзүүлэлт хоёрын хооронд тодорхой хамаарал байдаг, хүүхдийн амьдралын эхний арван жилд насан туршийн хэв маяг нь бүрэлдэн тогтдог байж болзошгүйг харуулж байна. Энэ нь зарим хүүхдүүдийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал нь амьдралыг илүү сайн орчинд эхлүүлж буй хүүхдүүдтэй харьцуулахад биологийн сул дорой байдалд хүргэж болзошгүй гэсэн үг юм. Эдийн засгийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь бид хүүхдүүдийг эрүүл мэндийн хувьд сул, богино настай амьдралын замд хөтлөн оруулахад хүргэж байна” гэж судлаачдын ахлагч, Imperial College London-ий нийгмийн эрүүл мэндийн сургуулийн доктор Оливер Робинсон ярьжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!