Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

Т.Ганхишиг, ikon.mn
2025 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны элсэлтийн шалгалт Монгол Улс даяар зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт түүхийн хичээлээр эхэлнэ.

Боловсролын Үнэлгээний Төвөөс тодруулснаар энэ жил нийт 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Энэ тоонд монгол хэл, бичгийн шалгалт өгсөн шалгуулагчдыг оруулаагүй байна.

12 хоногийн дараа эхлэх элсэлтийн шалгалтад орохдоо анхаарах зүйлсийн талаар сануулж байна:

  • Сурагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарах ёстой.

Шалгалтад оролцохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлнэ:

  • Бүртгэлийн хуудас (2025онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна)
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
  • Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

Элсэлтийн шалгалтын хуваарь:

зураг
 

Эцэг эх, асран хамгаалагч нар шалгалтад бэлтгэж байгаа хүүхдийнхээ сэтгэлзүйг хэрхэн дэмжих вэ?

  • Эцэг эх, асран хамгаалагчийн хандлага, оролцоо нь сурагчийн өөртөө итгэх итгэл, хичээлийн амжилтад эерэг нөлөө үзүүлдэг.
  • Хүүхэд тань алдаа гаргасан бол буруутгах бус, юуг сайжруулж болох талаар хамтдаа ярилцаарай.
  • Хүүхдийнхээ хичээлийн давтлага, амралт, унтлагын цагийг зохицуулахад нь туслаарай.
  • Унтах, хооллох, хөдөлгөөн хийх эрүүл амьдралын хэмнэл нь анхаарал төвлөрөл, ой тогтоолтод нөлөөлдөг.
  • Өмнөх амжилтыг нь дурсан сануулж, өөртөө итгэх итгэлийг нь дэмжээрэй.
  • Харилцан ойлголцол, хамтын оролцоогоо нэмэгдүүлж, хүүхэд бүр өөрийн онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэйг боловсролын байгууллагаас зөвлөлөө.