Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтын дүн гарчээ. Энэ жилийн шалгалтад 10, 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулаад буй. Улсын хэмжээнд нийт 83,374 сурагч шалгалт өгснөөс 70,410 буюу 84.5% нь 400-гаас дээш оноо авсан бол 12,964 шалгуулагч оноондоо хүрээгүй байна. Уг шалгалтын босго оноо 400 байдаг билээ.
Шалгалтын үр дүнгийн талаар Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Г.Гантуяа "2025 оны хаврын монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар 83,374 шалгуулагч өглөө.
Өнгөрөгч 2024 оны хаврын шалгалтыг 33,361 сурагч өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжийг нээснээрээ онцлогтой.
Шалгалтын дүнгийн хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн насан туршид нь үйлчлэхээр болголоо" гэж мэдээлээ.
Харин шалгалтын дүнтэй санал нийлэхгүй бол хаана хандах тухайд "Шалгалтын хариутай санал нийлэхгүй тохиолдол өмнө жилүүдэд гарч байсан. Хэрэв хариутай санал нийлэхгүй байгаа бол тав хоногт багтааж буюу тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын Үнэлгээний Төвд хандаж өргөдөл гаргасны үндсэн дээр шалгалтын материалтайгаа танилцах боломжтой. Өргөдөл гаргахдаа ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоотод ажлын цагаар хүлээн авна гэдгийг анхаараарай.
Бид шалгалтын хариу гарсантай холбоотойгоор Бямба, Ням гарагт 09:00-18:00 цагт ажиллах болно.
Шалгалтад тэнцээгүй хүүхдүүд шалгалтыг арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|