УИХ Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй гэж үзэн Засгийн газрыг огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол огцорсонд тооцогдсон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэгч болоод буй.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Бага хурал өчигдөр товлогдсон байсан ч талууд шинэ Ерөнхий сайдын нэрэн дээр тохиролцож чадахгүй байгаа учир хойшлуулсан. Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан намын УЗ өнөөдөр 11:00 цагт эхэлж байна.
Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг хөөх шийдвэр гаргасан Бага хурлаас хойш магадгүй түүнээс ч өмнө дараагийн Ерөнхий сайдад горилогсдын нэр хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Тэдэн дунд үнэхээр Ерөнхий сайд болох магадлалтай нь байсан ч байх. Мөн улс төрийн ямар ч дэмжлэггүй хэр нь Засгийн газрын тэргүүний суудлыг зүүдэлж, мөрөөдөж яваа хэсэг ч бий. Тэд магадгүй "Ийм нэгэн боломжит хүн байгаа шүү" хэмээн намын удирдлагууддаа өөрийгөө сануулах гэж оролдсон нь тэр байх. Түүнчлэн албан тушаалын асар их сонирхолтой зарим нь өрсөлдөгч гэж харсан нэгнээ зориуд цоллон олон нийт рүү "хаяж" өгсөн нь ч бий. Ямартай нь өнгөрсөн өдрүүдэд маш олон таамаг яригдсан.
Хамгийн гол шалгуур болох нам доторх тал бүрийн эрх ашгийг хангаж, парламент дахь намуудтай ойлголцож чадах цаашлаад МАН-ын намын дарга болж, 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ирээдүйтэй гэж үзсэн хүн дээр "төрийн гурван өндөрлөг" тохиролцож чадвал дараагийн Ерөнхий сайд тодорхой болно.
Харин өнгөрсөн өдрүүдэд "Ерөнхий сайдаар томилогдохоор хүчтэй яригдаж байна" гэдэг тайлбартай зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн сүлжээгээр цацагдсан эрхмүүд хариулт өгч эхлээд буй. Хүчтэй яригдаж буй хүмүүсийн дийлэнх нь Ерөнхий сайд болохоос хүчтэй татгалзаж байгаа аж. Тэдгээр хүмүүсийн Засгийн газар огцрохоос өмнө болоод дараа нь өгч байсан тайлбарыг хүргэж байна.
Түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүчтэй дэмжиж байгаа гэдэг мэдээлэл бий. Засгийн газрын шинэ тэргүүний томилгоотой холбоотой аливаа мэдээллийн доор С.Амарсайханыг магтаж, сайлсан сэтгэгдэл хэдэн зуугаараа харагдах болсон нь уг хүн өөрөө сонирхолтой байна уу гэх хардлага төрүүлээд буй. Ямартай ч Засгийн газар огцрохоос өмнө тэрбээр "Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Хэн нэг хүний Ерөнхий сайд болох сонирхол гэхээс илүү энэ бол ул суурьтай шийдвэр гаргах асуудал. Ер нь Ерөнхий сайдыг томилох нь хэн нэгний асууснаар, хэн нэгний хариулснаар шийдэгдчихдэг асуудал биш" гэдэг хариулт өгч байжээ.
Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэл, хотын дарга Х.Нямбаатарт суудлаа өвлүүлэхээр зүтгэж байгаа гэдэг яриа улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж, хэвлэлээр бичигдээд буй.
Харин Х.Нямбаатар "Би бол хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн. Нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд багаа ахалж оролцож, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Хийх ажил их байгаа. Пиджактай явж байтал даргын суудалд санаархаж байгаа гэхээр нь өнөөдрөөс пиджакаа сольчихлоо. Төрсөн өдөр гээд хүмүүс хоолонд орно гэхээр нь яаж саарал хувцастай явах вэ гээд сольсон юм. Тэр нь буруу ойлголт төрүүлсэн юм шиг байна. Би өмнөх ажлаа л хийнэ" хэмээн няцаалт өгсөн.
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй дээр нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалтай учир хамгийн түрүүнд яригдах хувилбар бол Я.Содбаатар. Гэвч тэрбээр Бага хурлын шийдвэрийг танилцуулахаар хэвлэлийнхний өмнө гарч ирснээсээ хойш нам жим байгаа. Харин далдуур түүний нэр яригдаж байсан ч өөрөө татгалзсан гэх мэдээлэл бий.
Үүрэг гүйцэтгэгч статустай болоод буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын нэр яригдаж байгаа ч тэрбээр хэвлэлийнхнээс дөлсхийн чимээгүйхэн байсаар.
Харин мөн л үүрэг гүйцэтгэгч болсон Сангийн сайд Б.Жавхланг Ерөнхийлөгчийн ойрын хамаатан гэдэг яриа бий. Засгийн газар огцрохоос өмнө тэрбээр "Би Ерөнхий сайдтайгаа сүүлийн 5 жил хамтарч ажиллаж хамгийн хүнд хэцүү үеүдийг туулсан. Тиймээс намайг битгий тэгж ярьж бичээч. Ерөнхий сайд ажлаа хийж байхад дараагийн асуудлыг ярьж явдаг ёс суртахуун надад байхгүй" хэмээн ярьж байжээ.
Шинэ Ерөнхий сайдад нэрлэгдээд буй хүмүүс дунд ганц эмэгтэй байгаа нь Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг. Засаг ганхахаас ч өмнө МАН-аас дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хувилбар дунд түүний нэр бичигдэж байсан. Тиймээс дараагийн намын дарга, Ерөнхий сайдад яригдах нь зүй ёсны асуудал биз. Гэвч Б.Батцэцэг "Магадгүй хүмүүсийг хооронд нь муудалцуулах зорилготой янз бүрийн юм явж байгаа байх. Надад ямар ч тийн санаа байхгүй. Тэгж бичүүлээгүй. Дээрээс нь би энэ тухай хэзээ ч бодож байгаагүй" гэдэг товчхон хариулт өгчээ.
Мөн л хүчтэй яригдаж байгаа нэг дүр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар. Түүнээс Ерөнхий сайдаар томилогдох эсэхэд тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултад "Би яриа өгдөггүй" гэж хариулж харагдсан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг Ерөнхийлөгчийн "ивээл"-ээс тусдаа бичсэн нь түүнийг Женко буюу Х.Баттулга гишүүнтэй хөтлөлцөн гүйх болсон гэдэг яриа бий. Түүнээс гадна энэ сарын 10-16-ны хооронд Английн Лондон хотноо болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-нд Г.Занданшатар сонирхогчийн түвшний тоглогчоор оролцох болсон байна. Тэрбээр Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн хувиар багаа ахалж тус тэмцээнд оролцож байгаа аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхийг "Аав" хэмээн дуудсанаар мөн Л.Оюун-Эрдэнэтэй нэгэн үеийн төлөөлөл болж хамтран зүтгэж явсны хувиар хамгийн боломжит хувилбар Н.Учрал байж болох хэдий ч аль аль тал нь түүнийг хэтэрхий залуу байна гэж үзсэн гэх. Л.Оюун-Эрдэнэ өөрөө дөрвөн жилийн өмнө хэрэг эрхлэхийн даргаас Ерөнхий сайд болсон хэр нь Н.Учралын нас болоогүй гэж харсан нь юу л бол. "Нас залуу" гэдэг шалтгааны цаана магадгүй өөр асуудал буй биз.
Ямартай ч дараагийн Ерөнхий сайдад нэр нь яригдаж эхэлсэн талаарх сэтгүүлчийн асуултад "Хаана ч тийм юм яригдаагүй. Ажил алба яриад байх нь ёс зүйн хувьд зохимжгүй юм. Би Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүн шүү дээ" гэж байв.
Ийнхүү Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай, хувилбар таамагт багтсан хүмүүсийн нэрс болоод заримынх нь өгсөн хариултыг хүргэлээ.
Гэвч эцсийн дүнд дээрх ам өчиг бус "төрийн гурван өндөрлөг" гэж нэрлэгддэг хүмүүс эрх ашгийн хувьд тохиролцож чадсан нөхцөлд л дараагийн Ерөнхий сайд тодрох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!