Барилга, байгууламж баригдахын хэрээр хүний эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Тиймээс барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэх асуудал нэн түрүүнд тавигдаж байна. Дэлхийн даяар ногоон барилга, эрчим хүчний хэмнэлтэд анхаарч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Пирамид Индастри” ХХК "Барилгын салбарын хэтийн төлөв ба ногоон барилгын бүтэц түүнд үзүүлэх дулаан тусгаарлалтын нэгдсэн системийн ач холбогдол" сэдэвт туршлага судлах семинарыг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “Пирамид Индастри” ХХК-ийн ахлах менежер Б.Анударь өчигдрийн семинар болон барилгын дулаан тусгаарлалтын нэгдсэн системийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон улсад барилгын салбар ногоон барилга байгууламж руу шилжилт хийж байна. Ногоон барилгад дулаан тусгаарлалтын нэгдсэн систем буюу дулаалгын материал маш чухал үүрэгтэй. Дулаалгын материал дундаа хөөсөнцөр хавтан нь дулаан тусгаарлах чадвар өндөртэй тул эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнд ордог.
Манай компани тус салбартаа анхдагчийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн технологийг цаг алдалгүй нэвтрүүлж ажиллахыг зорьдог. Энэ хүрээнд БНСУ-тай үргэлж хамтын ажиллагаатай байдаг.
БНСУ нь 2020 онд ногоон барилгын эрх зүйн орчныг шинэчилсэн. 2050 он гэхэд бүх барилгаа эрч хүчинд хэмнэлттэй буюу дулааны алдагдалгүй болгохоор ажиллаж байгаа. Солонгосчууд барилгынхаа дулаалгыг хийгээд таван жилийн дараа хэр үр дүнтэй байсан талаар судалгааны ажил хийдэг. Дулаалгын EPS хөөсөнцөр хавтан илүү үр дүнтэй гэх судалгааны дүгнэлт гарсан.
Дулаалгын материал дотроо ерөнхий 6-7 нэр төрөлтэй. Энэ дотроос EPS хөөсөнцөр хавтан илүү онцлоод байгаа. Учир нь EPS хөөсөнцөр хавтан галд шатахгүй, илүү хөнгөн, 20-30 жилийн дараа дулаалгын үндсэн чанараа алдахгүй. Манай улсад EPS хөөсөнцөр хавтан дулаалгын салбарын материалын дийлэнх хувийг эзэлдэг.
Одоо бол дэлхий дахинд түгээмэл дэлгэрээд буй NF Board энэ бүтээгдэхүүн нь хөнгөн учраас угсрахад хялбар, үнэ хямд, хүний эрүүл мэндэд сөрөл нөлөөгүй, илүү хог хаягдлыг нь дахин боловсруулах боломжтой төдийгүй хөнгөн учраас барилгын даацад хүндрэл учруулдаггүй, барилгын насжилтыг уртасгах зэрэг маш олон давуу чанаруудтай" гэв.
Үргэлжлүүлэн Тогтвортой архитектурын судалгааны хүрээлэнгийн захирал Пак Сон Хё барилгын дулаан тусгаарлалтын нэгдсэн системийн орчин үеийн технологийн талаар илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс шинэ барилгуудаа бүгдийг нь дулаан алдагдалгүй байдлаар барьж байгаа. Харин хуучин барилгуудаа засаж, эрчим хүчинд хэмнэлттэй болгон шинэчилж эхэлсэн. Мөн дулаалгын материалын стандартыг маш сайн нарийн тавих болсон.
Солонгос улс орон сууцныхаа барилга байгууламжийг дотроосоо дулаалдаг. EPS хөөсөнцөр хавтангаар дотор талаас нь дулаалдаг байсан учраас хэт зузаан байдаг. Тиймээс орон сууцны барилгууддаа нягтаршил сайтай, нимгэн хөөсөнцөр ашиглаж эхэлсэн. Харин оффисын барилгуудыг маш зузаан шил ашиглаж, шилэн хөвөнгөөр дулаалдаг. Ингэснээр дулаан алдалтыг бууруулах бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэй болно. Шилэн фасадын шилийг хийхдээ дулаан алдагдахгүй байх технологи ашигладаг.
Гэхдээ эрчим хүчинд хэмнэлттэй барилга байгууламж барихын тулд агаар сэргэлтийг сайн зохицуулж өгөх ёстой. Гаднаас орж ирэх хүйтэн агаар болон гарах халуун агаар хоёрыг зохицуулахын тулд төхөөрөмж ашигладаг. Угтаа гаднаас орж ирэх хүйтэн агаарын дулаан болгох төхөөрөмж их ашигладаг" хэмээн ярив.
Мөн өчигдрийн семинарт барилгын салбарын төлөөллөөс гадна төрийн байгууллагын албан хаагчид оролцож, туршлага судалж, санал бодлоо илэрхийлэв.
Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн Барилгын материал үйлдвэрлэл, баталгаажуулалтын хэлтсийн дарга Д.Батням "Материалаас шалтгаалж тухайн барилгын чанар тодорхойлогддог. Бид барилгын материалынхаа 20 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Цар тахлын үед барилгын материал хомстож эхэлсэн. Тиймээс дотоод үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ирсэн. Үүний үр дүнд барилгын материал үйлдвэрлэл сүүлийн гурван жил 4-5 дахин нэмэгдсэн судалгаа гарсан.
Мөн импортоор болон дотоодод үйлдвэрлэгдэж буй барилгын материал үйлдвэрлэлд бид бүхэн дэмжлэг үзүүлж байгаа. Барилгын материал үйлдвэрлэхэд маш олон шат дамжлага, зөвшөөрөл шаардлагатай. Удахгүй Барилгын тухай хуульд шинэчлэл орох учраас эрх зүйн орчныг илүү сайжруулна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!