Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Масктай утсаар ярихыг хүсэхгүй байгаа Трамп хэдхэн сарын өмнө авсан Тесла автомашинаасаа татгалзах гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саяхныг хүртэл салж хагацашгүй мэт ойр дотно холбоотнууд байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, технологийн тэрбумтан Илон Маск нарын зөрчил Пүрэв гарагт тэсэрч, олны нүдний өмнө ил болсон билээ.

Зөрчлийн гол шалтгаан нь АНУ-ын төсвийн алдагдал, өрийн хэмжээг эрс нэмэгдүүлэх хуулийн төслийг Трамп санаачилсантай холбоотой.

Трампыг тангараг өргөснөөс хойш өнгөрсөн долоо хоногийг дуустал хугацаанд Маск төсвийн хэмнэлт хариуцсан засгийн газрын агентлагийг удирдаж байсан юм.

Баасан гарагт тэднийг хоорондоо утсаар ярьж магадгүй тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлж байв.

Гэвч өөр нэг албаны эх сурвалж үүнийг сүүлд няцааж, Трамп түүнтэй ярих ямар ч сонирхолгүй байгааг баталжээ.

Дараа нь CNN сувгаар ярихдаа Трамп “Би Илоны талаар бодох ч завгүй байна. Түүнд асуудал байгаа. Хөөрхий залууд асуудал байгаа” гэж ярьсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Трамп бизнесийг нь дэмжих зорилгоор Маскийн Тесла компаниас улаан өнгийн Model S загварын автомашиныг хувьдаа худалдан авч байв.

Тэгвэл Трамп энэ автомашинаасаа татгалзаж болзошгүй байгааг Цагаан ордны эх сурвалж мэдээлжээ.

Маск өнгөрсөн долоо хоногоос эхлэн Трампын санаачилсан хуулийн төслийг шүүмжилсэн байр суурь илэрхийлж байлаа.

Гэхдээ үүнд нь ямар нэг хариу өгөхгүй байсан Трамп энэ долоо хоногийн Пүрэв гарагт анх удаагаа Маскийн байр суурьт сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, түүний компаниудын засгийн газартай холбоотой гэрээнүүд, татаасуудыг нь цуцлахаар сүрдүүлсэн юм.

Эндээс эхлээд тэд сошиал сүлжээнд нэг нэгнийхээ эсрэг хэрүүлийн үгс шидэлцэж эхэлжээ.

Өнгөрсөн онд болсон сонгуулиар Маск бараг $300 саяар Трампын кампанит ажлыг ивээн тэтгэж, түүний хамгийн том хандивлагч болж байв.

Үүнийхээ хариуд тэр Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан шинэ агентлагийг удирдах болсон.

Маск ажлаа эхлэхдээ АНУ-ын холбооны засгийн газрын төсвөөс $2 их наядыг хэмнэх зорилт тавьсан ч өнгөрсөн хугацаанд нийт төсвийн нэг хүрэхгүй хувийг л танаж чадсан юм.

Трампын санаачилсан хуулийн төслийг Конгрессын төлөөлөгчдийн танхим дэмжсэн бол одоо Сенатын танхим хэлэлцэх гэж байгаа.

Хараат бус шинжээчид татвар бууруулж, зардал нэмэх энэ хууль ирэх арван жилийн хугацаанд АНУ-ын өрийн хэмжээг $2.4 их наядаар өсгөнө гэж тооцоолсон байна.

Төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд Найрамдах Намын хууль тогтоогч Майк Жонсон уг хуулийн төслийн талаар Масктай ярилцаж байгаа, маргаан удахгүй шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа CNBC сувгаар өчигдөр ярьжээ.

“Би түүнтэй пуужин хэрхэн бүтээх талаар маргадаггүй шиг тэр надтай хууль хэрхэн боловсруулдаг талаар маргахгүй байгаасай гэж би хүсэж байна” гэж Жонсон энэ үеэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters