КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.
Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм.
Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар - Эрээн, Улаанбаатар – Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.
“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн 2 дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!