Өчигдөр буюу Баасан гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн холбоотон Илон Маскийг үдэж гаргалаа.
Энэ долоо хоногоор Маскийн төрийн албан тушаал хаших гэрээт хугацаа дуусаж байгаа юм.
Арга хэмжээнд оролцсон тэрбумтны нэг нүд хөхөрсөн байсан нь хүмүүсийн анхаарлыг татсан байна.
53 настай Маск үүнийг таван настай X хүүдээ цохиулснаас болсон гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ.
“Би X-тэй тоглож байхдаа түүнд миний нүүр рүү цохь гэж хэлсэн. Тэр цохисон. Таван настай хүүхэд гэхэд тэр үнэндээ нэлээд чанга цохисон. Тухайн үед надад тийм их өвдөлт мэдрэгдээгүй ч хөхөрсөн байна” гэж Маск ярьсан юм.
Трамп түүний өнгөрсөн таван сар орчим хугацаанд гүйцэтгэсэн ажлыг нь өндрөөр үнэлж, Маскийн удирдаж байсан төсвийн хэмнэлт хариуцсан DOGE агентлагийн ажил үргэлжлэхийг баталсан байна.
Ингэхдээ Трамп түүнд дурсгалын алтан түлхүүр бэлэглэжээ.
Өчигдрийн арга хэмжээний өмнөхөн Нью Йорк Таймс сонинд 2024 оны Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр Маск зарим эм, мансууруулах бодис хэрэглэж байсан тухай мэдээ нийтлэгдсэн юм.
Тухайлбал түүнийг кампанит ажилд оролцохоор явахдаа кетамин (нэг төрлийн өвчин намдаагч бодис), экстаси, мөөг зэргийг хайрцагтай авч явж байсан, кетамин хэтрүүлэн хэрэглэснээс давсагны үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн тухай баримтуудыг дэлгэжээ.
Өчигдөр Маск энэ талаар тайлбар өгөөгүй бол Цагаан ордон няцаасан байна.
Цагаан ордны тамгын газрын дэд дарга Стивен Миллер “Бидний санааг зовоож байгаа зүйл бол өмнөд хилээр нэвтэрч буй хар тамхи, мансууруулах бодис юм” гэж сэтгүүлчдийн асуултад товч хариулжээ.
Маск өмнө кетамин хэрэглэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Уг бодисыг “сөрөг сэтгэл санаа”-гаа засахад ашигладаг, энэ нь түүний ажилд сайнаар нөлөөлдөг болохыг тухайн үед тайлбарлаж байжээ.
Маскийн хөхөрсөн нүдийг анзаараагүйгээ хэлэхдээ Трамп “Хэрвээ X-ийг мэддэг бол тэр тэгж чадах хүүхэд” гэж тайлбарласан байна.
Маскийн хүү X (бүтэн нэр нь X Æ A-Xii) хэд хэдэн удаа аавынхаа хамт Цагаан ордонд ирж байсан юм.
“Doge” гэсэн бичигтэй бэйсболын малгай, “The Dogefather” гэсэн бичигтэй цамц өмссөн Маск нүд хөхөрсөн асуудлаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны эхнэртээ түлхүүлсэн дуулиант дүрс бичлэгтэй холбон хошигножээ.
Түүнээс яагаад нүд нь хөхөрснийг асуухад эхлээд “Би Францын ойр орчим байгаагүй шүү” гэж хариулсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|