Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалт эхэлжээ.
Уг хяналт шалгалтын ажилд УБЗАА-наас гадна Хяналт шалгалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа юм байна.
Энэ тухай УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулдаг. Иймээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд шаардах мэдэгдлийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч байна” гэлээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг “Барилга барьж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой.
Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг.
Барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай. Энэ бүхнийг биелүүлэх шаардлагыг тавьж ажилладаг” хэмээв.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Дөлгөөн нуур орчим, хуучнаар 50 дугаар дэлгүүрийн орчимд баригдаж байгаа барилгуудад стандартыг хангуулах чиглэлээр ажиллаж, хоёр иргэн, таван аж ахуйн нэгж, байгууллагад шаардах мэдэгдэл өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!