Лхагва гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар нэг цаг, 15 минутын хугацаанд утсаар ярихдаа хэд хэдэн асуудал хөндсөний нэг нь Ням гарагт Украины талын зохион байгуулсан дроны халдлага байжээ.
“Аалзны тор” нэртэй энэхүү ажиллагааны үеэр Украины алсын удирдлагатай дронууд Оросын газар нутгийн гүнд байрладаг дөрвөн агаарын баазад довтолж, стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг устгасан юм.
“Бид Украины талаас Оросын агаарын баазуудад хийсэн халдлагын талаар, бас хоёр талын хийж буй бусад халдлагуудын талаар ярилцлаа. Яриа сайхан болсон ч нэн даруй энх тайван тогтооход хүргэх яриа биш байлаа” гэж Трамп сошиал хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр цааш нь бичихдээ “Ерөнхийлөгч Путин саяхан агаарын баазуудад нь явуулсан халдлагын хариуг өгөхөө маш хатуу анхааруулсан” гэсэн байна.
Тэд бас Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулахад Оросын тал хэрхэн туслах боломжтой талаар ярилцсаныг Путиний туслах Юрий Ушаков сүүлд мэдээлжээ.
Оросын агаарын баазуудад явуулсан Украины дроны халдлагын талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа ам нээсэн нь энэ байлаа.
Утсаар ярихдаа тэр Украины халдлагын талаар урьдчилж мэдээгүй байснаа Путинд хэлснийг Кремлиэс мэдээлжээ.
Орос, АНУ хоёр нийлээд дэлхийн нийт цөмийн зэвсгийн 88 орчим хувийг эзэмшдэг.
Цөмийн зэвсгийг хэрэглэх гурван арга зам байдаг нь стратегийн бөмбөгдөгч онгоцоор буюу агаараас, тив алгасагч пуужингаар буюу хуурай газраас, шумбагч онгоцоор буюу уснаас харвах юм.
Украины дроны халдлага ОХУ-ын цөмийн зэвсгийн энэ гурван баганын нэгэнд нэлээд хэмжээний хохирол учруулсан байж магадгүй байгаа.
Мягмар гарагт Украины тал бас Крымийн гүүрний тулгуур хэсгийг дэлбэлэх ажиллагаа явуулсан юм. Өчигдөр засгийн газрын хуралдааныхаа үеэр Путин үүнийг “террорист халдлага” гэж тодорхойлоод “Киевийн одоогийн дэглэм энх тайвныг огт хүсэхгүй байна. Тэдэнтэй юу ярих юм бэ? Терроризм явуулдаг хүмүүстэй бид хэрхэн яриа хэлэлцээ явуулах юм бэ?” гэж хэлжээ.
Одоогоор Путин агаарын баазад нь гарсан халдлагын талаар олон нийтийн өмнө огт ам нээгээгүй байгаа.
Харин Оросын бусад албаны хүмүүс үүнд Өрнөдийнхнийг буруутгаж байна.
Тухайлбал ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Бид Лондон, Вашингтоноос нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэж ярьсныг Интерфакс агентлаг мэдээлжээ.
Гэхдээ Их Британи, АНУ-ын аль аль нь Ням гарагт болсон дроны халдлагын талаар урьдчилж мэдээгүй байснаа баталж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!