Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Украины халдлага Оросын стратегийн агаарын хүчний 30 хувийг жагсаалаас гаргасныг НАТО баталжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Украины тусгай албаны явуулсан “Аалзны тор” ажиллагааны үр дүнд Оросын стратегийн агаарын хүчний 40 гаруй нисэх онгоц ажиллагаагүй болсны 10-13 нь бүрэн устсан гэнэ.

Үүнийг Германы Дойч Велле агентлаг НАТО-гийн дээд албаны эх сурвалжийн ярьснаас эш татан өчигдөр мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр устсан болон гэмтсэн нисэх онгоцнуудын дотор 15 ширхэг Ту-95 стратегийн бөмбөгдөгч, 12 ширхэг Ту-22М3, хамгийн цөөндөө нэг A-50 урьдчилан сэрэмжлүүлэгч радарын системтэй онгоц байгаа гэнэ.

Оросын армид A-50 ердөө таван ширхэг байдаг юм.

Стокхольмын Олон Улсын Энх Тайвны Хүрээлэн (SIPRI) байгууллагын мэдээлснээр 2023 он эхэнд Оросын арми 130 стратегийн нисэх онгоцтой байжээ. Эдгээрийн дотор 60 ширхэг Ту-22М3 (6,500 км хүртэл нисэх чадвартай), 15 ширхэг Ту-160, 55 ширхэг Ту-95 (аль аль нь 10,000 км туулдаг) юм байна.

Эндээс харвал Украины явуулсан ажиллагаа Оросын стратегийн пуужин тээвэрлэгч агаарын хөлгүүдийн 30 гаруй хувийг жагсаалаас гаргажээ.

Дээрх онгоцнуудыг бас Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулахдаа ашиглаж байсан гэнэ.

“Дайн эхэлснээс хойш дээрх онгоцнууд Украины дэд бүтэц, иргэний байгууламжууд руу 3,000 гаруй далавчит пуужин харвасан” гэж НАТО-гийн төлөөлөгч өчигдөр Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

НАТО-гийн эх сурвалж батлахаас өмнө Украины эрх баригчид “Аалзны тор” ажиллагааны хүрээнд Оросын стратегийн агаарын хүчний 41 онгоцыг устгаснаа мэдээлж байв.

Өчигдөр Украины тал уг ажиллагааны дүрс бичлэгүүдийг нийтэд ил болгосон бол Өрнөдийн мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургаар Оросын баазуудад учирсан хохирлыг харуулжээ.

Агаарын баазуудын хиймэл дагуулаас авсан халдлагын өмнөх болон дараах зургууд

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Deutsche Welle