2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийх ажил үргэлжилж буй. Үүний нэг байршил буюу Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон нийт 5,000 метр квадрат талбайн эхний хэсгийн ажил дуусжээ.
Тодруулбал Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган хүний замын хавтанг сольж дууссаны дараа Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхлэх юм байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр явган хүний замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байгаа бөгөөд 4 см хүртэлх зузаантай. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдаж авчээ. Явган хүний замын хавтан нь 30смх60см, 30смх30см хэмжээтэй байна.
Харин хавтанг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа талаар "Тендерт шалгарсан тухайн ажлыг гүйцэтгэгч компаниуд өөрсдийн хөрөнгөөр чулуун хавтанг дотоодоос болон БНХАУ-аас авч, суурилуулж байгаа. Ажил гүйцэтгэсэн тайланг үндэслэж, төсвөөс мөнгийг олгоно" гэж Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас тайлбарлав.
Явган хүний замыг шинэчлэхдээ шон дээрх кабель, шугамыг буулгаж сувагчлах, борооны ус зайлуулах шугамыг давхар суурилуулж байгаа аж.
Энэ жил 18 байршлын явган хүний замыг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс 32 тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй байна.
Харин засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтангуудыг гэр хорооллын гудамж талбайд "шингээх" гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!