Лхагва гарагт Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн тангараг өргөж, таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ.
Ингэснээр түүний гэргий 59 настай Ким Хе Кюн улсынхаа тэргүүн хатагтай болж байна.
Тэдний гэр бүл болсон түүх их сонирхолтой. 1990 оны наймдугаар сард шинэхэн хуульч И Жэ Мюн ганцхан сарын дотор таван эмэгтэйтэй “сохор болзоо”-гоор танилцаж, тэдний нэгтэй гэрлэх зоригтой шийдвэр гаргаж байжээ.
Тэдгээрээс гурав дахь болзоонд танилцсан бүсгүйг гэргийгээрээ сонгосон нь И Жэ Мюний улс төрийн замналын турш гол түшиг тулгуур болсон юм.
Өмнөд Солонгосын шинэ тэргүүн хатагтай 1966 онд Сөүл хотын дундаж амьдралтай гэр бүлд төржээ. Тэрбээр Сунхва Урлагийн ахлах сургуулийг дүүргээд Сүмёны Эмэгтэйчүүдийн Их сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн байна.
Австри улсад үргэлжлүүлэн суралцахаар бэлдэж байхдаа тэр И Жэ Мюнтэй танилцсан бөгөөд долоон сарын дараа гэрлэснээр төлөвлөгөө нь өөрчлөгдөж байжээ.
2000-аад оны үед И Жэ Мюнийг анх улс төрд ороход Ким эсэргүүцэж байсан гэдэг.
Гэхдээ нөхөр нь Соннам хотын захирагчаар ажиллахдаа нийгмийн хэд хэдэн өөрчлөлтүүдийг нэвтрүүлж, олон нийтийн дэмжлэгийг авсан нь Кимийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн гэнэ.
2017 онд И Жэ Мюнийг анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд Ким байнга дагалдаж, сурталчилгааны арга хэмжээнүүдэд нь идэвхтэй оролцож байжээ.
Гэвч түүнийг улс төрийн хэл ам тойроогүй юм. 2018 онд Ким сошиал хуудсандаа нөхрийнхөө өрсөлдөгч улс төрчид болон зарим бүс нутгийг доромжилсон агуулгатай зүйл нийтэлснийхээ төлөө буруудаж байв.
2022 онд тэр бас нөхрийнхөө удирддаг Кёнги мужийн захиргааны зээлийн картыг хувийн хэрэгцээндээ ашигласан гэх шүүмжлэлд өртөж байжээ.
Дээрх дуулиануудын дараа Ким энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийж, харьцангуй нам гүм байсан юм.
Өнгөрсөн онд тэр сонгуулийн хууль зөрчсөн хэргээр шүүхээс ял сонсож байжээ.
Уг шүүх хурлын үеэр И Жэ Мюн сошиал хуудсандаа “Би бараг уйлдаггүй хүн. Гэхдээ эхнэрээ зүгээр л надаас болж гэмт хэрэгтэн болж байгааг хараад би тэсэхгүй нь. Одоо ч гэсэн миний цээж бачуурч, амьсгалж чадахгүй, юу болохыг урьдчилан хэлж чадахгүй байна” гэж бичээд эцэст нь “Хе Кюн, би чамд хайртай” гэсэн үгээр нийтлэлээ дуусгаж байв.
Одоо Ким Хе Кюн тэргүүн хатагтайн ажлын албыг сэргээх эсэх нь солонгосчуудын анхаарлыг татаж байна.
5-10 ажилтантай уг алба тэргүүн хатагтайн ажлын хуваарь, протокол, хувцаслалт болон бусад асуудлыг хариуцдаг юм.
Анх 1972 онд дарангуйлагч Пак Чун Хи тэргүүн хатагтайн ажлын албыг бий болгож байсныг ерөнхийлөгч Пак Гин Хэгийн үед татан буулгаж, Мүүн Жэ Иний үед дахин сэргээж, Юн Сүк Ёлын үед дахин татан буулгаж байжээ.
Шинэ ерөнхийлөгч И Жэ Мюн ийм алба зайлшгүй байх ёстой, гэхдээ бүх үйл ажиллагаа нь ил тод байх хэрэгтэй гэж үздэг юм байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!