Америкийн поп од Тэйлор Свифт өнгөрсөн хугацаанд дуулсан бүх дууныхаа өмчлөгч болсныг өчигдөр зарлажээ.
Баасан гарагт сошиал хуудсандаа тэр “Миний хийсэн бүх уран бүтээл одоо минийх боллоо” гэж бичсэн байна.
Big Machine Records студиэс гаргаж байсан цомгуудынхаа өмчлөх эрхийг Свифт сүүлийн эзэмшигч Shamrock Capital хувийн хөрөнгө оруулалтын компаниас худалдаж авчээ.
Ямар үнийн дүнгээр худалдаж авснаа тэр зарлаагүй юм.
Уран бүтээлүүдээ өмчлөхийн тулд Свифт сүүлийн жилүүдэд өөрийн анхны зургаан цомгийг шинээр бичүүлж, зах зээлд дахин гаргах ажлыг гүйцэтгэсээр байгаа.
Одоогоор нийт дөрвөн цомгийг бичүүлж гаргасан нь бүгд уран бүтээлийн болон бизнесийн маш их амжилт олж, Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж чадсан юм.
Эдгээр нь 2021 онд гарсан Fearless (Taylor’s Version), Red (Taylor’s Version), 2023 онд гаргасан Speak Now (Taylor’s Version), 1989 (Taylor’s Version) цомгууд байв.
2023 онд Свифт хамгийн олон номер нэг цомог гаргасан эмэгтэй уран бүтээлч болж түүхэнд бичигдсэн юм.
“Миний бүх амьдралаа зориулсан ч өнөөдрийг хүртэл минийх биш байсан уран бүтээлтэйгээ нэгдэхэд минь тусалсан та бүхэнд талархаад ханахгүй байна. Надад байсан хамгийн сайхан зүйлс эцэст нь минийх боллоо” гэж Свифт фэнүүддээ хандаж бичсэн байна.
Shamrock Capital компаниас гаргасан мэдэгдэлд “Бид энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Тэйлорт маш их талархаж байна” гэжээ.
Тэйлор Свифт одоогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй хөгжмийн уран бүтээлчид тооцогддог. Түүний хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар $1.6 тэрбум байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
|