Халдварт Өвчин Судлалын Төв(ХӨСҮТ)-өөс иргэдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.
ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа “Халдварын дийлэнх 10-14 насны хүүхдүүдийн дунд илэрч байгаа нь сургуулийн орчинд халдвар тархах эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Улаанбурхан нь амьсгалын замаар дамждаг, халдварлалтын индекс нь 96–98% буюу вакцингүй, өмнө нь өвдөж байгаагүй хүн халдвар авах өндөр магадлалтай өвчин юм.
Халдварын голомт тодорхой болсон тохиолдолд тухайн газарт 72 цагийн дотор вакцинжуулалт, тандалт судалгаа хийгддэг. Иргэд, эцэг эхчүүд 72 цагийн дотор вакциндаа хамрагдвал халдварыг зогсооход чухал нөлөөтэй. Ялангуяа вакцины насанд хүрээгүй буюу 0–8 сартай хүүхдүүд мөн вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн эрсдэлтэй байгаа учраас гэр бүлийнхэн нь хамгаалалтын дэглэмийг баримтлах хэрэгтэй. Тэднийг хүрээлж буй ах, эгч нар, аав ээжүүд нь бүгд вакцинд хамрагдсанаар гэр бүлийн орчинд халдвар тарах эрсдэл буурна.
Дархлаажуулалтыг 190 гаруй нэгжүүдэд долоо хоног бүр ажлын өдрүүдэд хийж байгаа. Өөрт ойр байгаа ӨЭМТ-д очоод харьяалал харгалзахгүйгээр вакцинд хамрагдах боломжтой. Мөн сайн дурын болон нэмэлт дархлаажуулалт ч зохион байгуулагдаж байна.
Вакцин бол улаанбурханаас сэргийлэх цорын ганц найдвартай арга. Хүүхдүүдээ зусланд явуулах гэж байгаа бол 14 хоногийн өмнө вакцинд хамруулах хэрэгтэй. Иргэд ХӨСҮТ-д шууд очихоос илүүтэйгээр харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж зөвлөгөө авах, тандалт хийлгэх боломжтой. Ингэснээр төвийн ачааллыг бууруулна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!