Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын санхүүжилт, квот, эмч ажилчдын цалин хөлс, үйлчлүүлэгчдээс ирж буй ажлын байрны дарамт зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагын үйлдвэрчний хороон дарга н. Баасанбилэг "Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлгүүдийн ихэнх нь ачаалал ихтэй хүний нөөцийн дутагдалтай.
Залуу боловсон хүчин Өрхийн эмнэлэгт ажиллахаа больсон учраас тэтгэвэртээ гарсан ахмад эмч нарыг урьж ажиллуулж байгаа. Үүний гол шалтгаан бол цалин хөлс ба анхан шатны тусламж үйлчилгээний хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой.
Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчдын хооронд маргаантай асуудлууд үүсэж байна.
Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн квот, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хязгаар тогтоосонтой холбоотой дээрх асуудал бий болсон.
Өнөөдөр сумын эмнэлэгт л гэхэд өдөрт хоёрхон хүний шүд үзэх квоттой байна. Сардаа 60 хүний эмчилгээг хийх ёстой.
Сард 30 хүн эмнэлэгт хэвтэх ёстой гэдэг нь тухайн сумын иргэдийн эрүүл явах, эмчлүүлэх эрхийг зөрчиж буй асуудал. Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрынхан маань Эрүүл Мэндийн Даатгалын санхүүжилтийнхээ квотын асуудалд анхаарч, үзлэгийн тоог нэмэгдүүлж хязгаараа болихыг шаардаж байна.
Сумын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд Нийгмийн Даатгалд бас өртэй яваа. Ажилчид маань цалингийн зээл авъя гэхээр Нийгмийн Даатгал төлөөгүй учраас зээл гарахгүй.
Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбар уламжлалтынхаа тасгийг одоогоор хаасан байна. Яагаад гэвэл 2024 оны квот нь дууссан" гэлээ.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний хороон дарга их эмч н.Амарзаяа "Эмч нар квотдоо тааруулж хүнээ үзэх болчхоод байна. Тодруулбал
Гэтэл эмнэлэгт хандаж, үзүүлж буй иргэдийн 80 хувь нь архаг хууч өвчтэй хүмүүс.
Миний хувьд зүрхний эмчээр ажилладаг. Зүрхний дутагдал, зүрхний архаг эмгэгүүд жилээс жилд нэмэгдэж байна.
Зүрхний дутагдалтай хүмүүс гурван сар тутам хэвтдэг, эмчилгээ үйлчилгээгээ авдаг ийм тусламж үйлчилгээгээ ч авч чадахгүй болчхоод байгаа. Санхүүжилт танаснаар олон төрлийн эрсдэл гарч байна" хэмээн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|