Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Масктай тангараг тасарч буйгаа Трамп мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нэг үе хамгийн ойрын холбоотон нь байсан технологийн тэрбумтан Илон Масктай харилцаагаа бүрмөсөн тасалж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Өчигдөр NBC News нэвтрүүлгийн хөтлөгч тэдний харилцаа бүрмөсөн дуусаж байгаа эсэхийг асуухад Трамп “Би тэгж бодож байна” гэж хариулсан юм. Харилцаагаа дахин сэргээхийг хүсэж байгаа үгүйг нь асуухад тэр “Үгүй” гэж хариулжээ.

Өнгөрсөн оны сонгуулиар хамгийн том хандивлагч нь болж, сүүлд засаг захиргаанд нь албан тушаал хашиж байсан Илон Маск сүүлийн үед Трампын санаачилсан хуулийн төслийг хүчтэй шүүмжлэх болсон юм.

Эхэндээ тэр Трампын нэрийг шууд дурдалгүй тойруу замаар шүүмжилж байв. Харин энэ долоо хоногийн Лхагва гарагт тэдний зөрчил тэсэрч, олон нийтийн сүлжээгээр ил тод хэрэлдэж эхэлсэн.

Бүгд Найрамдах намын өндөр албан тушаалтнуудын дийлэнх нь энэ маргаанд Трампын талд орж байгаа.

Тухайлбал дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тэрбумтныг хэтэрсэн алхам хийсэн тул харилцаа хэзээ ч сэргэх боломжгүй байж магадгүйг хэлжээ.

Саяхан тэр нэгэн подкаст нэвтрүүлгээр ярихдаа Илон Маск ерөнхийлөгч рүү дайрсныг “маш том алдаа” гэж дүгнэсэн байна.

Трампын санаачилсан “Big, Beautiful” хэмээн нэрлэж буй хууль батлагдвал АНУ-ын засгийн газрын өр, төсвийн алдагдал олон их наядаар нэмэгдэнэ гэж Маск үзэж байгаа.

Хэрүүл маргааны үеэр тэр Трампын намыг дараагийн конгрессын сонгуульд унагахын төлөө ажиллаж магадгүй санааг цухуйлгасан юм.

Өчигдрийн ярилцлагын үеэр Ардчилсан Намын нэр дэвшигчдийг дэмжвэл түүнийг “ноцтой үр дагавар” хүлээж буйг Трамп анхааруулжээ.

Трамп өмнө нь Илон Маскийн бизнесүүдийн холбооны засгийн газартай байгуулсан гэрээнүүдийг цуцлах, татаас дэмжлэгүүдийг зогсоохоор сүрдүүлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC