Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хүй долоо худгийн сэрүүн дэнж дээр зургаадугаар сарын 28, 29-нд анх удаа болох нийслэлийн иргэдийн баярт урьж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн баяр-даншиг наадмыг 2025 оны зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй 7 худагт зохион байгуулахаар болсон байна.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Зургаадугаар сарын 27, 28-нд Улаанбаатарын иргэдийн баярыг Төв цэнгэлдэхэд зохион байгуулж, эрийн гурван наадам хийнэ" гэж хэлж байсан ч байршил нь өөрчлөгджээ.

Иргэдийн баярыг цаашид жил бүр зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах бөгөөд 2026 оноос даншиг наадам-хүрээ цам болон нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй болж байгаа юм байна.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ үеэр хүйтний улирал эхэлчихдэг тул иргэд уг баярт өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй.

Хотын иргэдийн баярыг зуны дэлгэр цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон. Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд даншиг наадмыг сүүлийн 10 гаруй жил тэмдэглэсэн. Тэгэхээр энэ хоёр баярыг нэгтгэж энэ жилээс анх удаа зургаадугаар сарын 28, 29-ний өдрийг нийслэлийн иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм.

Нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Баярын өдөр эрийн гурван наадам зохион байгуулна. Улаанбаатар хот аялал жуулчлалаас тодорхой орлого олдог тул зургаадугаар сарыг сонгосон юм. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно.

Хүчит 256 бөхийн сорилго барилдаан, зургаан насны хурдан морины уралдаан, сурын холбооны бүх тамирчин баяр наадамд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Энэ үеэр монгол туургатны бөх барилдахгүй, зөвхөн эрийн гурван наадам болно. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа.

Нээлтийн арга хэмжээ, цамын ёслол хийгдсэний дараа бөхийн барилдааны нэг, хоёрын даваа эхний өдөр болох бол дараагийн өдөр нь бөхийн барилдаан үргэлжилж, гала тоглолт болсноор хаалтын арга хэмжээг зохион байгуулна. Иргэдийн баярын нээлтийн арга хэмжээг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Алтанхуяг найруулж байгаа. Наадмын нээлтийн арга хэмжээ нь нийслэл хот 27-28 удаа нүүсэн түүхийн агуулгыг харуулна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Гандантэгчинлэн хийдээс дөрвөн уулаа тахих шашны зан үйл хийнэ.

Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. 

Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна. Хүй долоо худагт иргэдийн баярыг тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүй долоо худгийн сэрүүн дэнж дээр зургаадугаар сарын 28, 29-ний өдөр болох иргэдийн баярт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна" гэж мэдээллээ.

Энэ үеэр гаднын жуулчдад зориулсан морин дээрээс нум сум харвах, сээр цохих үзүүлбэрүүд болох аж.

2025 оны нийслэлийн төсвөөс шүүж үзэхэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад таван тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.