Москвад төвтэй Левада хараат бус судалгааны хүрээлэн Орос улсын хамгийн том дайсныг тодруулах санал асуулга явуулжээ.
Санал асуулгад оролцсон оросуудын 55 хувь нь Герман улсыг нэрлэснээр тус улс Оросын хамгийн том дайсан болсон байна.
Энэ нь 2020 оны тавдугаар сараас хойш 40 нэгж хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Эсрэгээрээ сүүлийн 20 жил Оросын хамгийн том дайсан байсан АНУ дөнгөж 40 хувийн саналаар дөрөвдүгээрт жагссан байна. Өнгөрсөн онд оросуудын 76 хувь нь АНУ-ыг хамгийн том дайснаа гэж үзэж байсан юм.
Энэ нь ерөнхийлөгч Трампын засаг захиргааны үед ОХУ-АНУ-ын харилцаа илт сайжирсныг харуулж байна.
Герман нь Европын орнуудаас Украинд хамгийн их зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа улс юм. Сарын өмнө томилогдсон шинэ канцлер Фридрих Мерцийн үед тусламж улам нэмэгдэх төлөвтэй байгаа.
Оросын дайсан орнуудын жагсаалтын хоёрдугаарт 49 хувьтай Их Британи, гуравдугаарт 43 хувьтай Украин улсууд тус тус жагсжээ.
Энэхүү судалгаагаар бас Оростой хамгийн сайн харилцаатай таван улсыг тодруулахад Беларусь 80 хувиар тэргүүлж, 60 гаруй хувиар Хятад улс удаалсан байна.
Дараа нь 36 хувьтай Казахстан, 32 хувьтай Энэтхэг, 30 хувьтай Умард Солонгос тус тус жагсжээ.
Украины дайн эхэлснээс хойш Кремлийн эрх баригчид дэлхийн улс орнуудыг дайсагнасан болон нөхөрсөг харилцаатай хэмээн хоёр хуваах болсны үр дүн эндээс тодорхой харагдаж байна.
Санал асуулгыг тавдугаар сарын 22-ноос 28-ны хооронд 18-аас дээш насны 1,613 хүнээс авснаа Левада төв мэдээлжээ.
Эх сурвалж: DPA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!