Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны дэглэм Афганы дүрвэгчдэд эх орондоо буцаж ирэхийг уриалж, өршөөл үзүүлэхээ амлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын дэмжлэг дор оршиж байсан Кабулын засгийн газар унасны дараа дүрвэсэн афганчууд эх орондоо буцаж ирэх боломжтойг Талибаны өндөр албан тушаалтан өчигдөр мэдэгджээ.

Хэрвээ ингэвэл тэдэнд өршөөл үзүүлэхээ амласан байна.

Талибаны засгийн газрын ерөнхий сайд Мохаммад Хассан Ахунд өчигдөр “Тахилын баяр” гэгддэг Исламын шашны Эйд аль-Адха баярыг тохиолдуулан ийм уриалга гаргажээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 12 улсын иргэдэд хилийн бүрэн хориг тавьж байгааг зарласны нэг нь Афганистан байсан юм.

Трамп бас нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараахан АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллаж байсан афганчуудыг шилжүүлж авах хөтөлбөрийг зогсоосон нь хэдэн арван мянган хүнийг мухардалд оруулж байв.

АНУ-д цагаачлах боломжоо хүлээн хөрш Пакистанд оршин сууж байсан афганчууд одоо Исламабадын эрх баригчдын тус улсаас албадан гаргах ажиллагаанд хэлмэгдэж эхлээд байгаа.

Албадан буцаах арга хэмжээнээс зайлсхийхийн тулд 2023 оны аравдугаар сараас хойш Пакистанаас бараг нэг сая орчим афган хүн гарч явсан байна.

“Эх орноо орхин гарсан афганчууд буцаж ирэх хэрэгтэй. Хэн ч тэдэнд хор хөнөөл учруулахгүй. Өвөг дээдсийнхээ нутагт буцан ирж, амар амгалан орчинд амьдарцгаа” гэж хэлсэн Мохаммад Хассан Ахунд дүрвэгсдийг хүлээж авах, орон байраар хангахад дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ.

Энэ үеэр тэр бас Талибаны эрх баригчид, тэдний бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гуйвуулан дамжуулдгийг шүүмжилсэн байна.

“Бид Исламын тогтолцоог унагахыг зөвшөөрөхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал хуурмагаас зайлсхийж, энэхүү тогтолцооны ололт амжилтыг буруулж харуулмааргүй байна. Сорилт бэрхшээл байгаа ч бид сонор сэрэмжтэй байх ёстой” гэж тэр хэлжээ.

АНУ болон НАТО-гийн зэвсэгт хүчин 20 жилийн дараа Афганистаныг орхин гарсны улмаас 2021 оны наймдугаар сард Талибан хөдөлгөөнийхөн нийслэл Кабулд хяналтаа тогтоосон юм.

Энэ үеэр өмнөх засгийн газрын албан тушаалтнууд, сэтгүүлчид, идэвхтнүүд, Талибаны эсрэг ажиллагаанд АНУ-д тусалж байсан олон арван мянган афганчууд хөрш Пакистан, Иран улсууд руу дүрвэж байв.

АНУ-ын өмнөх засаг захиргаа тэднийг шилжүүлж авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа зогсоосон юм.

 

Эх сурвалж: Associated Press