Энэтхэг улсын Праяаграж хотод өнөөдөр хиндү шашны Кумбха Мела наадам эхэлж байна.
45 хоногийн хугацаанд 400 сая орчим мөргөлч оролцох төлөвтэй байгаа энэ наадмыг хүн төрөлхтний хамгийн том цугларалт гэж үздэг.
12 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Кумбха Мелаг сансраас ч ажиглах боломжтой байдаг юм байна.
Энэ үеэр мөргөлчид ариун Ганга мөрний усанд домгийн дар эх Сарасватитай хамт угаал үйлддэг.
Ингэснээр сүсэгтнүүдийн нүгэл арилж, сэтгэл ариусаж, Хиндү шашны гол зорилго болох авралд хүрнэ гэж үздэг байна.
Өнөөдөр буюу Даваа гарагт таваас найман сая мөргөлч угаал үйлдэх бол маргааш энэ тоо 20 сая давах тооцоо гарчээ.
Мөргөлчид болон уг арга хэмжээг үзэхээр ирэх жуулчдын мөрний сав дагуу байрлах буудлын хэмжээ 4,000 гектар талбайтай газар эзлэх гэнэ.
“Бид 650 км түр зам тавьж, хэдэн арван мянган майхан барьж, 150 мянган жорлон нээлээ. Үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 100,000 гаруй хүн ажиллахын 40,000 гаруй нь цагдаа, аюулаас хамгаалахын ажилтнууд байх болно” гэж наадам зохион байгуулагддаг Праяаграж хотын захиргааны төлөөлөгч Вивек Чатурведи ярьжээ.
Хоёрдугаар сарын 26-нд өндөрлөх Кумбха Мелаг хүн төрөлхтний соёлын биет бус өвд ЮНЕСКО бүртгэсэн байдаг.
Бурхад болон чөтгөрүүд мөнхийн усыг олж авахаар хоорондоо тэмцэлдэж байсан гэх домгоос энэ наадам үүсэлтэй юм.
Тэмцэлдээний үеэр домботой мөнхийн усны цөөн дусал Праяаграж, Харидвар, Ужжайн, Насик гэсэн дөрвөн хотын дээрээс унасан гэдэг.
Бурхад ба чөтгөрүүдийн дайн 12 жил үргэлжилсэн тул наадмыг 12 жилийн зайтай дээрх дөрвөн хотод тэмдэглэдэг юм байна.
Гэхдээ эдгээрээс хамгийн том цугларалт нь Праяаграж хотод болдог ажээ.
Энэ жилийн наадам од эрхсийн ховор байрлалтай давхцаж байгаа тул илүү онцгой ач холбогдолтой болж байгаа гэнэ.
“Ийм төгс зохицол 12 наадмын дараа буюу 144 жилийн дараа л тохиож байна” гэж Хиндү санваартан Махант Равиндра Пури тайлбарлажээ.
Ирэх өдрүүдийн зургаад нь онцгой чухал угаалын өдөр тохиох гэнэ.
Эдгээрээс нэгдүгээр сарын 29-нд болох угаал хамгийн том нь бөгөөд 50-60 сая мөргөлч оролцох төлөвтэй байна.
Энэтхэгийн засгийн газар уг арга хэмжээг зохион байгуулахад 70 тэрбум рупи ($812 сая) зарцуулсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Орон нутгийн захиргаа наадмаас 250 тэрбум рупи ($2.9 тэрбум) олох тооцоо гаргасан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!