Уншиж байна ...
Зураг
Зураг

Умард Солонгосын олзлогдсон цэргүүдээр Украины цэргүүдийг солилцох хүсэлтэй байгаагаа Зеленский илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
3 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын олзлогдсон хоёр цэргээр Оросын талд олзлогдсон өөрийн цэргүүдийг солилцох хүсэлтэй байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр илэрхийлжээ.

“Хэрвээ Оросын талд олзлогдсон манай цэргүүдийг шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулахад тусалбал Украин улс Ким Жон Уны цэргүүдийг буцааж өгөхөд бэлэн байна” гэж тэр Х хуудсандаа бичсэн байна.

Ингэхдээ тэр олзны хоёр цэргийн байцаалтын дүрс бичлэгийг хавсаргажээ.

зураг
 

Бямба гарагт Украины эрх баригчид ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрээс Умард Солонгосын шархадсан хоёр цэргийг олзолсноо зарласан юм.

Энэ нь Пёняны дэглэм Украины эсрэг Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнд оролцож байгааг харуулсан анхны амьд баталгаа болсон байна.

Өмнө нь Украины тал хэд хэдэн цэрэг олзолсон ч тэд удалгүй шархаа даалгүй нас барж байсан юм.

Умард Солонгосын цэрэг Украины эсрэг дайнд оролцож байгааг Москва, Пёняны аль нь ч албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг.

Зеленскийн тараасан дүрс бичлэгт цэргүүдийн нэг нь Украины дайнд явснаа мэдээгүй, командлагч нь түүнд зөвхөн байлдааны сургуулилалтад оролцохоор ОХУ-д ирснийг хэлсэн тухай ярьжээ.

Тэднээс Умард Солонгос руугаа буцахыг хүсэж байгаа эсэхийг асуухад нэг нь толгой дохисон бол нөгөө нь Украинд үлдэх хүсэлтэйгээ хэлсэн байна.

Украин болон Өрнөдийн тооцоолсноор Умард Солонгосын 11,000 орчим цэрэг ОХУ-ын Курск мужийн нутагт ирсэн гэдэг.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тэдгээрийн 3,000 гаруй нь алагдсан буюу шархадсан гэж Украины тал үзэж байна.

“Умард Солонгосын цэргүүд цаашдаа ч олноор олзлогдох нь тодорхой. Манай цэргүүд бусдыг нь олзлох бол цаг хугацааны л асуудал. Оросын арми Умард Солонгосын тусламжаас хамааралтай болсонд дэлхий нийт эргэлзэх хэрэггүй” гэж Зеленский өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN