Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Тайландын нийслэлээс Өмнөд Солонгосын Муан хотод ирсэн Jeju Air компанийн нисэх онгоц осолдсоны улмаас 179 хүн амиа алдсан билээ.
Уг ослын шалтгааныг тогтоох ажил одоо үргэлжилж байгаа.
Тэгвэл онгоцны нислэгийн дата болон нисгэгчдийн бүхээгийн яриаг бичдэг хоёр хар хайрцгийн мэдээллийг уншихад сүүлчийн дөрвөн минутын үйл явдал бичигдээгүй байсныг Өмнөд Солонгосын зам тээврийн яам Бямба гарагт мэдээлжээ.
“Онгоцыг локалайзерын хашаатай мөргөлдөхөөс дөрвөн минутын өмнө CVR болон FDR төхөөрөмжүүдийн бичлэг зогссоныг шинжилгээний үр дүн харууллаа” гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хар хайрцгуудын мэдээллийг унших боломжгүй байсан тул АНУ-ын үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн лабораторид илгээж байжээ.
АНУ-ын шинжээчид ослоос өмнөх сүүлчийн дөрвөн минутын бичлэгийг сэргээх боломжгүй гэж дүгнэсэн юм байна.
Хэдий тийм боловч ослын шалтгааныг тогтоох ажлаа тууштай үргэлжлүүлэхийг зам тээврийн яам амлажээ.
“Мөрдөн шалгах ажиллагааг бусад төрөл бүрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар үргэлжлүүлнэ. Яам ослын шалтгааныг үнэн зөв тогтоохын тулд чадах бүхнээ хийх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Одоогоор онгоц шувуутай мөргөлдөж, дугуй нь дэлгэгдэхгүй болсон, буух зурвасын төгсгөлд бетон хашаа байсан зэрэг нь ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа.
Нисгэгч онгоц нь шувуутай мөргөлдсөнийг удирдлагын төвд мэдээлснийхээ дараа газардах эхний оролдлогоо зогсоожээ. Дараа нь хоёр дахь удаагаа газардах гэж оролдох үеэр онгоцны дугуй дэлгэгдээгүй юм байна.
Мөрдөгчдийн ахлагч И Сүн Ёл энэ долоо хоногийн эхээр осолдсон онгоцны хөдөлгүүрийн хэсгээс шувууны өд олсноо мэдээлж байв.
Гэхдээ шувуутай мөргөлдөхөд онгоцны хөдөлгүүр гэмтэх магадлал бага болохыг анхааруулж байжээ.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд Муан хотын нисэх буудал, Jeju Air компанийн Сөүл дэх байранд нэгжлэг явуулаад байгаа.
Мөн Jeju Air компанийн гүйцэтгэх захиралд хилийн хориг тавьжээ.
Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний намууд ослыг мөрдөн шалгах хамтарсан хороо байгуулсан бол зам тээврийн сайд Пак Сан У огцрох хүсэлтээ гаргасан юм.
“Агаарын тээврийн аюулгүй байдлыг хариуцдаг сайдынхаа хувьд би энэхүү эмгэнэлт явдлын хариуцлагыг өөртөө хүлээж байна” гэж сайд мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!