Уншиж байна ...
Зураг
Зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Мадурогийн үнэлгээг АНУ-ын засаг захиргаа $25 саяд хүргэлээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тангараг өргөж, гурав дахь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын засаг захиргаа түүнийг баривчлахад шаардлагатай мэдээлэл өгсөн хүнийг $25 саяар шагнахаа амласан байна.

Бас тус улсын батлан хамгаалахын сайд Владимир Падриногийн шагналыг $15 сая болгон өсгөжээ.

Их Британийн засгийн газар болон Европын Холбооны удирдлага Венесуэлийн төрийн өндөр албан тушаалтан 15 хүний эсрэг шинэ хориг арга хэмжээгээ зарласан байна.

Өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулиар Мадуро өөрийгөө ялсныг зарласан ч дэлхийн олон улс орон хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Зөвхөн Өрнөдийн орнууд биш, Бразил, Колумб зэрэг Латин Америкийн орнууд бас Мадурог хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Тэд сонгуулийн дараа гадаадад дүрвэсэн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалесыг сонгуульд ялсан гэж үздэг.

Харин Иран, Хятад, Орос тэргүүтэй цөөн улс орнууд Мадурогийн ялалтыг зөвшөөрсөн юм.

Өчигдөр Мадурогийн тангараг өргөх ёслол чанга хатуу харуул хамгаалалтын дор зохион байгуулагджээ.

Арга хэмжээнд зөвхөн Куба, Никарагуа улсын ерөнхийлөгч нар оролцсон байна.

62 настай Мадуро “Энэ бүрэн эрхийн хугацаа энх тайван, хөгжил дэвшил, тэгш эрх, шинэ ардчиллын эрин үе байх болно. Энэ зорилтыг биелүүлэхээ би түүхээрээ, амьдралаараа тангараглаж байна” гэж хэлжээ.

Есдүгээр сард эх орноосоо дүрвэсэн сөрөг хүчний нэр дэвшигч Гонсалес одоо Испани улсад оршин сууж байгаа.

Мадурогийн засгийн газар түүнийг баривчлахад тусалсан хүнд $100,000-ын шагнал амлажээ.

 

Эх сурвалж: BBC