Уншиж байна ...
Зураг
Зураг

Шри Ланка улсын шүүх Исламын шашныг доромжилсон Буддын шашны ламд хорих ял оноожээ

Т.Давааням, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан гадуурхах үзэл сурталчилсан хэргээр есөн сар шоронд хорих ял оноожээ.

Энэ нь түүний 2016 онд олон нийтийн дунд Исламын шашныг доромжилж ярьсан зүйлтэй холбоотой шийтгэл юм байна.

Хүн амын 70 гаруй хувь нь Буддын шашин шүтдэг Шри Ланка улсад энэ шашны лам нарт ял шийтгэл оноох үзэгдэл маш ховор байдаг.

Тус улсын хүн амын 12.6 хувь Хиндү, 9.7 хувь Ислам, 7.4 хувь Христийн шашин шүтдэг юм байна.

Өчигдөр ял сонссон лам Галагодаатте Гнанасарагийн хувьд Исламын шашныг доромжилсон хэргээр хоёр дахь удаагаа шүүхээс ял сонсож байгаа нь энэ ажээ.

Пүрэв гарагт Коломбо хотын шүүх тус улсын бүх иргэд шашин шүтлэгээсээ үл хамааран үндсэн хуульд заасан итгэл үнэмшлийн эрх чөлөөгөө эдлэх эрхтэйг тогтоолдоо онцолсон байна.

Гнанасара ламтан 2019 онд бас бусдыг айлган сүрдүүлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонсож байжээ.

Гэвч тухайн үеийн Шри Ланкын ерөнхийлөгч түүнд өршөөл үзүүлсэн байна.

Өчигдөр шүүх бас ламтанд 1,500 шри ланка рупигийн ($5) торгууль оноож, хугацаандаа багтаж төлөхгүй бол ялын хугацааг сунгахаар шийдвэртээ тусгажээ.

Гнанасара шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

2022 онд эдийн засгийн хямралын улмаас төрийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгч Готабаяа Ражапакса нь Гнанасара ламын ойр дотны хүн байжээ.

Ражапакса иргэдийн эсэргүүцэл тэмцлийн дараа огцорч, эх орноосоо дүрвэсэн юм.

Гнанасара лам Синхалын Буддист нэртэй үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын тэргүүнээр ажилладаг.

Тэрбээр өмнөх ерөнхийлөгчийн засаглалын үед шашны эв нэгдлийг хангах хуулийн төслийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ражапаскаг дүрвэсний дараа Гнанасара мөн Исламын шашны эсрэг зүйл ярьсан шалтгаанаар дөрвөн жилийн ял сонссон ч давж заалдсаны үр дүнд шийтгэлээ тэнсэн харгалзах ялаар солиулсан юм.

 

Эх сурвалж: BBC