НИТХ-ын баталсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн.
Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Улаанбаатар хотод зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх гурван үндсэн шаардлага үүссэн.
Замын Санд төвлөрүүлсэн бүх хөрөнгийг авто зам засвар, арчлалтад зарцуулна гэж хуульд заасан байдаг. Гэтэл 2024 онд хэрэгжүүлсэн ажлыг харахад ойролцоогоор 18-20 километр замыг засаж байна. Улаанбаатар хотын замын сүлжээний нийт урт 1,291 километр. Үүнээс 18-20 километр замыг засаж байна гэдэг нь 1.5%-ийг засаж байгаа юм. Үлдсэн 98%-д засвар арчлалт хийгдэхгүй байсаар 10 жилийн дараа их засвар хийх гэхээр хөрөнгө хүрэлцдэггүй. Үүний улмаас замын чанар улам мууддаг.
Зам засварын ажлыг хэрэгжүүлэхэд good road first буюу сайн замыг сайнаар нь, муу замыг түрүүлж засах гэсэн хоёр стратеги баримталдаг. Муу замыг түрүүлж засаж байгаа нь муу стратегийг сонгож байна гэсэн үг. Харин замыг сайн байх үед засвал 40%-ийн хямд зардлаар насжилтыг уртасгах боломж бүрддэг.
Бодит байдал дээр Замын Сангийн хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх замыг эхэлж засварладаг. Ингэснээр авто замын чанар буурна гэсэн үг. Сангийн хөрөнгө нь замын засвар, арчлалтад хүрдэггүй.
Иргэдийн зүгээс "Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмчихлээ" гэж байна. Гэтэл ажил, гэр хоёрын хооронд суудлын жижиг машинаар явдаг иргэн ойролцоогоор 6,000 километр замыг туулж, авто зам ашигласны төлбөрт жилд 20,000 төгрөгийг өгдөг байсан. Үүнийг тооцоолоод үзэхээр ойролцоогоор жилдээ нэг километрт гурван төгрөг төлдөг гэсэн үг. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр юм. Үүнээс дүгнээд авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож нэмэгдүүлсэн юм. Жишээлбэл жижиг тэрэг жолооддог иргэн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс авто зам ашигласны төлбөрт жилд 100,000 төгрөгийг төлдөг болж байна.
2013 онд зам ашигласны төлбөрийн систем бий болсноос хойш төлбөрийн хэмжээ нэмэгдээгүй. Нэг километр замыг засварлах материал, техник, төхөөрөмжийн үнэ 12 жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн ч Замын Санд хуримтлуулж байгаа хураамж хэвээрээ байдаг.
Өнгөрсөн онд 162.3 километр, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн гол гудамжнуудын нийт 200 гаруй километр замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих зорилго тавьж байна" гэж тайлбарлалаа.
Авто зам ашигласны төлбөрийг жилдээ нэг удаа цахимаар төлнө. Smartcar, И-Монголиа зэрэг цахим системээр болон арилжааны банканд хандаж төлөх боломжтой.
2024 оны зам ашигласны төлбөрийг нэмэгдээгүй хэмжээгээр төлнө. Харин 2025 оныхыг шинэ тарифаар төлөх юм байна.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!