Индонезын аялал жуулчлалын төв Бали арлын цагаачлалын албаны хоёр ажилтан Оросын иргэдийн явуулж байсан гадаадын жуулчдыг айлган сүрдүүлж, мөнгө нэхэх үйл ажиллагаанд оролцсон нь илэрчээ.
Хэн хэн нь 24 настай Эрнест Эсмайл, Ёпита Баринда Путри нар энэ оны нэгээс долдугаар сарын хооронд Оросын хоёр иргэнтэй хамтран ийм хууль бус ажиллагаа явуулж байсан нь мөрдлөгийн явцад илэрсэн юм байна.
Тэдэнтэй хамтран ажиллаж байсан ОХУ-ын иргэн 30 настай Юрий Виченко, 32 настай Илья Шкутов нарыг Индонезын цагдаагийн албаныхан өнгөрсөн сарын сүүлээр баривчилжээ.
Эхлээд цагдаа нар долдугаар сарын 10-ны өдөр Бали арлын Жимбаран амралтын газарт дээрэмдүүлсэн Литва улсын иргэний гомдлыг шалгахдаа энэ хэргийн сэжүүрийг атгасан байна.
Үүнээс улбаалан Денпасар, Бадунг, Гианьяр зэрэг газруудад гарсан өөр 27 хэргийг илрүүлжээ.
Гэмт этгээдүүд гадаадын жуулчдыг хулгайлж, мөнгө нэхэж, шаардлагыг биелүүлэхгүй бол цагаачлалын албаар баривчлуулж хориулах, Индонез улсаас албадан гаргуулахаар сүрдүүлдэг байсан гэнэ.
Ингэхдээ Бали арлын цагаачлалын албаны ажилтнуудтай хуйвалддаг байжээ.
Тухайлбал гэмт хэрэгтнүүд өөрсдөд нь өртэй Оросын нэг иргэний байгаа газрыг заалгахын тулд цагаачлалын албаны ажилтнуудад гурван сая рупиагийн ($180) урьдчилгаа төлсөн байна.
Гэхдээ тэд хайж буй хүнээ андуурч Литва улсын иргэн, 42 настай Роман Смелёвыг хулгайлж, сүрдүүлээд хүчээр $150,000-ыг криптовалют хэлбэрээр шилжүүлэн авч байжээ.
Тэд ингэхдээ Смелёвыг дэн буудлаас нь хулгайлан өөр газарт хорьж, биед нь халдсан байна.
Смелёв суллагдсаныхаа дараа болсон явдлын талаар цагдаад мэдээлснээр уг сүлжээ илрэх зам нээгджээ.
Сэжигтнүүд Индонезын хуулиар бусдын биед халдсан, хүч хэрэглэсэн, гэмт хэрэгт хуйвалдсан зэрэг олон төрлийн ял сонсохоор байгааг Бали арлын цагдаагийн алба мэдээлсэн байна.
Мөн хар тамхины наймаа, мөнгө угаалт зэрэг бусад гэмт хэргүүдтэй холбоотой байж болзошгүйг шалгаж байгаа ажээ.
Сүүлийн жилүүдэд Бали аралд гадаадын иргэдийн оролцсон гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа.
Тухайлбал өнгөрсөн онд ийм гэмт хэргийн тоо 16 хувиар өссөн бол 2025 оны эхний хагаст 100 гаруй хэрэг бүртгэгджээ.
“Бали аралд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үүсэх үйл явц эхний шатандаа явж байна. Хэрвээ хяналтгүй орхивол Орос, Италид байдаг шиг мафи маягийн бүлэглэлүүдийн үүр уурхай болж болзошгүй” гэж Индонезын Их сургуулийн криминологич Адрианус Мелиала ярьсан юм.
Өнгөрсөн зургаадугаар сард Бали арлын өмнөд эрэгт Австралийн хоёр иргэн буудуулсан хэрэг гарч, цагдаа нар үүнийг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байв.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!