Б.Энхбаяр: Судлаачид Хятадын эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 3 хувьд хүрч саарна гэж таамаглаж байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.

Энэ үеэр эдийн засгийн гадаад орчин нөхцөл байдлын талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн 4-5 жил манай улсын экспортын 92 хувь нь нэг улсын зах зээлд гардаг. Нийт экспортын 94 хувийг түүхий эд эзэлдэг. Энэ онцлогоос хамаараад ирэх оны экспортын орлого гадаад зах зээлээс шууд хамааралтай. 

Монгол Улсын гол худалдан авагч Хятад улсын эдийн засгийн сүүлийн 30 жилийн оргил өсөлт үндсэндээ дуусаад өсөлтөө анх удаа сааруулсан. 2026 оны хоёрдугаар сард Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлөөр Хятадын улсын нөхцөл байдлын талаар тайланг хэлэлцэж баталсан.

Энэ тайланг хэлэлцэх явцад Хятад улсын эдийн засгийн өсөлтийн гол суурь нь хөрөнгө оруулалт, экспортод суурилсан хөгжлийн загвар байжээ гэдгийг онцолсон. 

зураг
 

Цаашдаа энэ загвараар удаан явах боломжгүй учраас эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд хөгжлийн загвараа өөрчлөх ёстой. Хэрэглээнд суурилсан эдийн засгийн өсөлтийн загвараар явах ёстой гэж байгаа. Ойрын 2-3 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг дотоод хэрэглээндээ шилжих шилжилт хийнэ гэсэн үг. 

Судлаачдын үзэж буйгаар Хятадын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд 3 хувьд хүрч саарна гэсэн таамаглал дэвшүүлж байгаа.
зураг
 

Манай улсын гадаад худалдааны импорт талдаа томоохон хувь хэмжээ эзэлдэг ОХУ-ын эдийн засаг ихээхэн чухал ач холбогдолтой. 2022 оноос хойш үргэлжилж буй Орос, Украины дайнтай хамааралтайгаар ОХУ эдийн засгийн хоригтой хэвээрээ байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь ихээхэн саарч байгаа. 2026 оны байдлаар эдийн засаг нь нэг хувиас доош орж магадгүй гэж олон улсын байгууллагууд таамагласан.

зураг
 

Олон улсын байгууллага болон Оросын төв банкны санаа зовж буй асуудал бол ОХУ-ын төсвийн алдагдал. Үргэлжилж байгаа дайны үйл ажиллагаатай холбоотойгоор батлан хамгаалах салбарт их зардал зарцуулж байгаа. Үүнийг санхүүжүүлэхийн тулд татварын орлогоо ихээхэн нэмсэн.

Монгол Улсын авч буй эрчим хүч болон түлш шатахуунд өөрчлөлт гарахгүй. Эдийн засгийн нөхцөл байдал аажмаар саарах байдалтай байна" гэв.