Н.Ууганбаатар: Татварын багц хууль батлагдвал 2027 оны татварын орлого дээр -3.7 их наядын нөлөө үзүүлнэ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.
Уг зөвлөл нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт төлөв байдлын таамаглалыг боловсруулдаг билээ.
Тиймээс 2027-2029 оны Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцуулав.
Тэрбээр "Өнгөрсөн жил ерөнхий эдийн засгийн динамик нэг чиглэлд зааж байсан. Тухайн үед тарифын бодлоготой холбоотойгоор дэлхийн гео эдийн засаг нэлээд ойлгомжгүй байв. Тэгвэл энэ жилийн хувьд манай дотоодын бодлогын тодорхой бус байдал гэдэг хүчин зүйлтэй тулгарсан.
Арванхоёрдугаар сарын 31-нд өргөн барьсан Татварын багц хаврын чуулганаар хэлэлцэгдээд хэрэв батлагдвал 2027 оноос мөрдөгдөж эхэлнэ. Дотоодын татварын багц хуулийн нөлөөлөл нэлээд өндөр байгаа. Үүнийг төсөөлөлд тусгах шаардлага үүссэн учраас энэ жил бид хоёр өөр төсөөлөл өгч байгаа. Батлагдвал ямар байх, батлагдахгүй бол ямар байх талаар хоёр тооцоолол хийсэн.
Бид эхлээд уул уурхайн төсөөллийг хийхдээ нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг авч үздэг. Энэ жил мөнгөний экспорт авч үзээд судалсан боловч голлох бүтээгдэхүүн болох арай болоогүй байна.
Түүхий эдийн экспортын зах зээл дээр ерөнхий төлөв байдал ямар харагдаж байна гэхээр нүүрс болон алтны үнэ хоёр дээр нэлээд өсөлттэй байгаа. Төмрийн хүдэр биет хэмжээ болон үнэ хоёр аль аль нь тогтвортой байх дүр зураг харагдаж байгаа.
Нүүрсний үнэ доошоо буурахааргүй төсөөлөл гарч ирсэн. Биет хэмжээ амархан өсдөггүй алт, зэсийн үнийн өсөлт ирэх жилүүдэд сайн харагдаж байна. Үнэ нь төдийлөн өсөхгүй байгаа нүүрсний биет хэмжээний өсөлт сайн харагдаж байна. Экспорт талдаа Монголын эдийн засгийн ирэх жилүүдийн ерөнхий төлөв гайгүй харагдаж байгаа.
Зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа. Гэхдээ энэ өсөлт 2026 онд эрчимтэй үргэлжлээд 2027 оноос хойш саарах байх. Төмрийн хүдрийн зах зээл хөдөлгөөнтэй биш, 2020 оноос хойш үнэ харьцангуй тогтворжсон учраас ерөнхий трендээ хадгална.
Алтны үнэ сүүлийн хоёр жил нэлээд эрчимтэй огцом өсөж байгаа. 2026 ондоо огцом өсөөд 2027 оноос саарна гэсэн төсөөлөлтэй байгаа" хэмээн танилцууллаа.
"Хэрэв татварын багц хуулийн төсөл батлагдвал 2027 оны татварын орлогод тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ"
Үргэлжлүүлэн тэрбээр татварын багц хуулийн шинэчлэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар "Түүхий эдийн зах зээлийн тоог аваад макро эдийн засгийн загварт уншуулдаг. Макро эдийн засгийн үндсэн хоёр загвар бий. УИХ 2025 арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн НӨАТ-ын тухай хуульд хоёр заалт оруулж ирсэн. Нэг нь 2026 аравдугаар сарын 1-нээс хойш НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байсныг 5 хувь болгож өөрчилсөн. Гэхдээ энэ нь түр зуурын буюу 3 сарын хүчинтэй заалт.
Нөгөө нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын буцаан олголт гурван шатлалтай болно. Суутгуулан төлөгчөөс баримт аваад уншуулсан тохиолдолд 500 мянга хүртэлх төлсөн татварыг 100 хувь буцаан олгоно. 500 мянгаас 1 сая төгрөг хүртэлх байвал 50 хувь, 1 саяас дээш байвал 20 хувь буцаан олгоно гэж байгаа.
Энэ нь 2027 оны төсөвт яаж нөлөөлөхийг тооцох шаардлага гарсан. Шинэ татварын орчинд хүмүүс бараг 0 дүнтэй ижилхэн татвар төлдөг болох нь.
Одоо өргөн баригдсан хуулийн төслөөр бол Хувь хүний орлогын албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр гол өөрчлөлтүүд гарна. Шинээр өргөн баригдсан хуулийн төсөл дээр дөрвөн шатлалтай болж орж ирсэн. Энэ нь төсвийн орлого дээр нөлөөлнө.
Үйл ажиллагааны орлоготой иргэд дээр шаталсан татварын систем рүү шилжиж байгаа. Аж ахуйн нэгж дээр одоогоор хоёр шатлалтай. Жилийн орлого нь 0-6 тэрбум хүртэлх бол 10 хувиар төлдөг, 6 тэрбум төгрөгөөр дээш бол 25 хувиар төлдөг. Дээрээс нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх бол 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Одоо бол хөнгөлөлтийн дээд босгыг 2.5 тэрбум төгрөг болгож өөрчлөх гэж байгаа. 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувийн татвартай болгож өөрчилсөн.
Хэрэв татварын багц хуулийн төсөл батлагдвал 2027 оны татварын орлогод тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Аж ахуйн нэгжээс -12 хувийн буюу 719 тэрбум төгрөгийн татварын орлого алдагдана. Хувь хүний орлогын албан татварын орлого 483 тэрбум төгрөгөөр буурна. Гол нөлөө НӨАТ дээр орж ирж байгаа. НӨАТ-ын нөлөө бол 2.5 их наяд орчим гэж байгаа. Манай нийт тооцоогоор татварын орлого дээр -3.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж гарсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
