₮3 тэрбумын төсөвтэй болсон адууны өдөрт зориулж ₮10 саяын шагналтай логоны уралдаан зарлав
Монгол Улс Үндэсний их баяр наадамтай зэрэгцээд Дэлхийн адууны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болоод буй.
Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлснээр ирэх долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Дэлхийн адууны өдөрт зориулсан олон улсын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Ингэснээр адууны түүх, соёл, өв уламжлал үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Харин дээрх олон улсын арга хэмжээнд зориулж морь, хүн хоорондын харилцаа, ертөнцийн амар амгалан, хийморь сүлдийг бэлгэдсэн агуулгатай, 10 сая төгрөгийн шагналын сантай логоны уралдааныг зарлажээ. "Уралдаанд иргэн, уран бүтээлч, оюутан сурагчид болон сонирхсон хүмүүс оролцох боломжтой" хэмээн удирдамжид дурдсан байна.
Энэ сард болсон НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, Дэлхийн адууны өдрийг тэмдэглэхэд зарцуулах 3 тэрбум төгрөгийг батлаад байгаа юм. Энэхүү батлагдсан төсвөөс олон нийтийг хамарсан логоны уралдааны шагналын хэмжээг зарласан бололтой.
Гал морин жилийн үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд ₮5 тэрбумыг зарцуулахаар баталсан төсөв дээр адууны өдрийн ₮3 тэрбумын зардал нэмэгдэж, нийт ₮8 тэрбумаар наадамлахаар болоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
