Х.Нямбаатар: Адууны өдрийг тэмдэглэх ₮3 тэрбумыг нийслэл төсөв дээрээ тавь гэсэн бичиг Шадар сайд Х.Ганхуягаас ирсэн

Д.Янжиндулам, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн 2025 оны зарлигаар дэлхийн адууны өдрийг долоодугаар сард тэмдэглэж байхаар болоод буй. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг нийслэлийн төсвийн тодотголд тусгажээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Дэлхийн адууны өдрийг тэмдэглэе гэсэн бичиг Шадар сайд Х.Ганхуягаас надад ирсэн. Түүний үйл ажиллагаатай холбоотой долдугаар сарын 13-нд зарцуулах гурван тэрбум төгрөгийг нийслэл төсөв дээрээ тавь гэсэн" хэмээв.

Харин нийслэлийн төсөвт яагаад их болоод байгаа тухай "Нийслэлд хэрэгжиж буй гадаад, дотоод төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт нэмж оруулдаг.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд шинэ цэвэрлэх байгууламжийг 2017 онд БНХАУ-ын 269 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьсан. Энэ нь ойролцоогоор нэг их наяд төгрөг болж байгаа юм. Үүнийг нийслэлийн төсөвт нэмж оруулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн долоо хоногт гарсан.

Мөн Сэлбийн орон сууцны төсөл хөтөлбөрийн 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртгийг ч нийслэлийн төсөвт нэмээд биччихэж байгаа юм. Ингээд нийслэл их төсөвтэй харагдаж байгаа.

Хэрэгжиж байгаа төслүүдийн төсвийг нийслэлийн төсөвт нэмж бичиж байгаа нь буруу гэж үзээд Зээл ашиглалтын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганыг хаахаас өмнө эргэн барьсан. Хуулийн төслийн агуулга нь Сэлбэ, Эрдэнэбүрэнгийн УЦС, Нефть боловсруулах үйлдвэрийн өөрийн үйл ажиллагаагаар төлөгдөх төсөл хөтөлбөрүүдийг төсөвт оруулдгийг болих юм" гэж тайлбарлалаа.

Нийслэлийн энэ оны төсөвт үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 5 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан бол адууны өдрийг тэмдэглэх 3 тэрбум төгрөг нэмэгдэж байна.